БИД ҮНЭ ҮГҮЙ АЖИЛЧИД

Бидний мэдэх дадлага!

   Өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд оюутнуудын мэдлэг боловсрол болон бодит ажил хоёрын уулзвар болсон “дадлага” гэх ойлголт улам бүр өргөжсөөр байна. Монголд жил бүр 28000 орчим оюутан залуус их дээд сургууль төгсдөг. Эдгээр шинэхэн төгсөгчид суралцах хугацаандаа олж авсан мэдлэгээ бодит ажлын байранд ашиглаж туршлага хуримтлуулах зорилгоор дор хаяж нэг удаа дадлага хийдэг. Үүнийг олон улсад INTERNSHIP гэж нэрлэдэг.


   Зарим байгууллага дадлагын оюутныг ирээдүйн мэргэжилтэн, боломжит боловсон хүчин хэмээн үзэж, чиглүүлэн сургаж, бодит төсөлд оролцуулан өсгөхийг зорьдог. Харин зарим нь тэднийг богино хугацааны туслах хүч, ажлын дэмжлэг гэдэг өнцгөөс харж, зааж сургахаас илүү ашиглаад өнгөрөхийг эрмэлздэг. Үүний зэрэгцээ оюутан бүр өөрийн мэдлэг, ур чадвар, хандлагаараа энэхүү орчинд өөр өөрөөр уусан шингэж, зарим нь өөрийгөө нээж, зарим нь сорилттой тулгарч, зарим нь ирээдүйн мэргэжлээ дахин авч үзэх ч тохиолдол бий. Энэ нийтлэлд бид дадлагын оюутны эрх, үүрэг, байгууллага тэднийг хэрхэн хүлээн авдаг, нэг байгууллагаас нөгөөд дадлагын орчин яагаад ийм их ялгаатай байдаг, мөн оюутнууд өөрсдөө энэ бүхнийг хэрхэн мэдэрдэг талаар бодит дуу хоолой, ажиглалт, жишээн дээр тулгуурлан өгүүлэх болно.

Энэ сэдвийг илүү тод харахын тулд нэгэн оюутны дадлагын түүхийг доорх богино ярилцлагаас харцгаая.

Дадлага хийх гэж очоод авто замын компанид ямар ч сургалтын зорилгоор биш ажилтаны зорилгоор л ажилласан. Туслах хийлгүүлэхийн тулд дандаа хүнд хүчир ажил хийлгүүлсээр байгаад л явуулдаг. Дүн тавьсан болоод л өнгөрсөн. Мэргэжлийнхээ чадвараас юу ч сураагүй. Байрласан орчин нөхцөл маань ч тун тааруу, ажилын хувцас ч өгдөггүй. Шалгалтаар хүмүүс ирэхэд л хэдэн хантааз өгч байсан юм даа
Л.Батбилэг
Дадлагын оюутан гэдэг байдлаар их ханддаг байсан. Өдрийн хоолонд ороход хэн ч намайг хамт гаръя гэдэггүй оффисдоо ганцаараа үлдэх мэт мэдрэмж их авдаг байсан. Мөн тодорхой хугацаанд хөдөлмөр, цагаа зарцуулж байгаа учир цалингүй гэхэд ядаж унааны мөнгө олгодог болчихвол оюутан залууст их дэмтэй. Нөгөө талаараа салбарын боловсон хүчин бэлдэхэд жаахан ч гэсэн тус болох юм уу даа.
Г.Анир
Ачаалал ихтэй байдгийг нь ойлгож байгаа ч өрхийн эмнэлгүүд арай дэндүү байдаг. Хэдэн сараар нь овоорсон ажлуудаа өдөр шөнөгүй бичүүлж шивүүлж хийлгэнэ. Ямар ч үр бүтээлгүй, эмч нарын цаг тухайдаа хийх ёстой ажил үүргийг нь хийдэг байсан. Харин улсын эмнэлгүүд дажгүй шүү. Эмч нар нь давхар шалгаад, зааж, зөвлөдөг учир их түшигтэй.
Э.Сувд-Эрдэнэ
Цалин өгөхгүй гэхэд хоол, унааны мөнгө өгдөг байх хэрэгтэй. Дадлагын оюутан ч гэсэн бидэнтэй хүндэтгэлтэй хандаасай гэж хүссэн.
Н.Мэнд-Амар

Тэдний хөдөлмөрийг үнэлэх нь яагаад чухал вэ?

Хариуцлагатай байгууллагууд дадлагажигчдыг ирээдүйн боловсон хүчний эх үүсвэр хэмээн харж, сургах хөгжүүлэх бодлоготой ханддаг. Энэ нь цаашид оюутанд мэргэжилдээ илүү нухацтай хандаж, өсөж дэвжих сэтгэлийн хатыг суулгадаг.
1

        Өнөөдрийн залуус бол маргаашийн мэргэжилтнүүд. Харин тэднийг бэлдэх үйл явцын хамгийн чухал шат нь дадлага. Дадлагын орчин өнөөдөр ямар байна, маргаашийн хөдөлмөрийн зах зээл яг тэр дүр төрхийг тусгана. Хэрэв бид оюутнаа үнэгүй ажиллах хүч мэт харсаар байвал мэргэжлийн ур чадвар хомс, өөртөө итгэлгүй, ажлын хувьд идэвхгүй үеийг бий болгоно. Харин эсрэгээрээ оюутны хөдөлмөр, цаг хугацаа, нөөцийг бодитоор үнэлж чадвал тэд ажлын байр руу илүү урам зоригтой, чадварлаг, бүтээлч сэтгэлгээтэй орно. Судалгаанаас харахад (графиĸ 1, 2 — 4–5-р хуудас) дадлага хийсэн оюутнуудын ихэнх нь цалингүйгээр ажилласан бөгөөд энэ нь тэдний санхүүгийн байдалд бодит дарамт учруулж байгааг харуулсан. Олон оюутан хоол, унааны мөнгө ч байхгүй үедээ өглөө бүр ажилдаа яаран очих нь тэдний хувьд “туршлага хуримтлуулах боломж” гэхээс илүү “өвдөлттэй сорилт” болдог нь бодит байдлын нэг хэсэг юм.

 

        Гэвч байгууллагуудын хугацаа, анхаарал, хариуцлага зарцуулж гаргаж буй дадлагажуулалтын бодлого оюутны мэргэжлийн замналд асар том түлхэц болж чадна. Хэн нэг оюутныг анхных нь ажил дээр нь чиглүүлж өгсөн нэг өгүүлбэр, нэг зөвлөгөө, нэг боломж хожим нь бүтээлч мэргэжилтэн, сайн багийн гишүүн, салбарын ирээдүйн манлайлагчийг төрүүлж ч мэднэ. Эцсийн дүгнэлт Дадлага бол ажилтан–оюутан хоёрын аль нэг талын “олж авах” бус, хоёр талын хамтын үнэ цэнийг бүтээдэг процесс юм. • Оюутан сурч, өсөж, чадваржина. • Байгууллага ирээдүйн ажилтнаа танина. • Салбар мэргэжилтнүүдийн чанар дээшилнэ. • Нийгэм илүү чадварлаг хүний нөөцтэй болно. Тиймээс бид өнөөдөр дараах асуултыг өөрсдөдөө тавих цаг иржээ: Бид дадлагажигчдыг үнэлж, тэдэнд үнэ цэнэ өгөх орчныг бий болгож чадсан уу? Мөн тэднээс авч буй хөдөлмөрөө бодитоор үнэлж, шударга харилцааг бүрдүүлж байна уу? Хэрэв бид энэ асуултад үнэнчээр, хариуцлагатайгаар хариулж чадвал “үнэгүй ажилчид” бус, “үнэтэй үнэ цэнтэй мэргэжилтнүүдийг” бэлддэг нийгэм болон хувирна.

Эцэст нь бид үнэлэгдэх үнэ цэнийг өгч бас авч чадаж байгаа болов уу? 

мОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦААНЫ ТЭНХИМийН 4-р түвшний "slay" баг бүтээв.
2025 он.