“Сайхан шинэ шөл ууя” гэдэг үгийг хаа нэгтээ сонсож л байсан биз дээ. Тэгвэл бидний идэх дуртай малын гүзээ уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан гэвэл та итгэх үү? Манай улсын хүн амаас 21 дахин их мал тал нутагт идээшилж буй. Эдгээрээс хивэгч мал болох хонь, ямаа, үхрийн гүзээнээс уур амьсгалын дулааралд ихээхэн нөлөөлдөг метан хий ялгардаг байна.
Энэ нийтлэлд тоо толгой нь эрчимтэй өсөж буй ямаагаар дамжуулан бэлчээр доройтож буй шалтгаан, үр дагавар, тэдгээрийн уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөллийг авч үзэн шийдлийг эрэлхийлэхийг зорилоо.
Монголчууд эртнээс “Ямба ихэдвэл өвчлөхийн шинж, ямаа ихэдвэл хувхайрахын шинж” хэмээн ярьдаг байжээ.
Бидний бэлтгэсэн анимейшинг хүлээн авна уу.
Ямааны хоол боловсруулах зам тэр дундаа “гүзээ” нь өвөрмөц бүтэцтэй. Дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд тус тусдаа үүрэг, онцлогтой юм.
Иймээс ямаа бол хатуу өвс, модны навч, бутны иш, гашуун ургамал, мод гээд бараг бүх төрлийн ургамлыг иддэг. Тэр байтугай тэмээ идэж чадахгүй хатуу ургамлыг хүртэл энерги болгон хувиргадаг учир хуурай, хатуу орчинд хамгийн сайн зохицсон амьтан юм.
Манай улс ямааны тоо толгой өсгөх зорилгоор нэг хэсэг ноос ноолуурын урамшуулал гэж олгодог байсан бол өнгөрсөн оноос эхлэн “Цагаан алт хөтөлбөр” хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Энэ хөтөлбөр нь эдийн засгийн хувьд ашигтай байж болох хэдий ч нийгэм болоод тэр дундаа байгаль орчны тэнцвэртэй байдлыг алдагдуулсан шийдвэр гэдгийг доорх статистикаас харж болно.
Тэгвэл бид энэ талаар биологич, хөхтөн амьтан судлаач Н.Батсайхантай хэдэн хором ярилцсан юм.
Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтлын нөлөөгөөр байгалийн экосистем дордож ургамлын төрөл зүйл цөөрч, зэрлэг ан амьтадын амьдрах орчин устах, цэвдэг хайлах зэрэг сөрөг нөлөөнүүд бий болсоор байна.
Бэлчээрийн ургамлын хэдэн хувийг мал идэх ёстой вэ?
Тэгвэл энэ амьтан үнэхээр хортон уу эсвэл хөрсийг эмчлэгч үү гэдгийг доорх анимейшинаас хүлээн авна уу. /Алтан үзэг наадамд зориулан бүтээсэн болно./
Гэвч тэднийг бэлчээрийн хортон гэж үзэн устгах зорилгоор тодорхой тунгаар хор цацдаг. Энэ хор хүний амийг шууд хөнөөхгүй ч шилийн сор, идлэг шонхор шувуу, үнэг, хярс зэрэг амьтад өдөрт 20 орчим оготно иддэг учир биологийн олон янз байдлыг хөнөөх шалтгаан болдог. Түүнчлэн хор цацсан хэсгийн ургамлыг мал идэж, түүнийг хүн иддэг гэдгийг ч мартаж болохгүй. Харин манай улс 2000 оноос хойш К1 витаминыг дарангуйлж, дээд мэдрэлийн системийг гэмтээдэг Бромадиолоныг ашиглаж сүүлийн арван жилд улсын төсвийн 13 тэрбум төгрөгөөр 6.3 сая га талбайд устгал хийжээ.
Биологич, хөхтөн амьтан судлаач Н.Батсайхан “Цацсан хор бүлээн цустай бүх амьтны аминд заналхийлдэг” хэмээн ярилцлага хийх үед ч анхааруулж байв. Шинжлэх ухааны үүднээс ийм байгаа боловч Бэлчээр ашиглалтын журмын тавын тав дах хэсэгт “Малчид огтоно мэрэгчдийг устгах бэлчээр сайжруулах арга хэмжээнд идэвхтэй оролцоно” хэмээн заажээ.
Хүлэмжийн хийг цэвэршүүлэгч цэвдгээ аваръя
Мал хивэх үед метан хий ихээр ялгардаг талаар эхэнд дурдсан. Метан бол манай агаар мандлыг халаахад нүүрсхүчлийн хийгээс 23 дахин илүү хүчтэй хүлэмжийн нөлөө үзүүлдэг тул энэ хэмжээний ялгаралт уур амьсгалын өөрчлөлтөд шууд нөлөөлдөг. 2020 оны малын гэдэснээс гарсан метан хийн хэмжээ 628.66 GH болж, 1990 оныхоос хоёр дахин нэмэгдсэн байна.
Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн ахлах мэргэжилтэн Э.Баярмаа: “Уур амьсгалын өөрчлөлтөд эрчим хүчний салбар нэгдүгээрт жагсдаг байсан бол одоо мал аж ахуйн салбар тэргүүлэх болсон. Учир нь малын тоо толгой тогтмол өсөж, тэр хэрээр малаас ялгардаг метан хийн хэмжээ ихсэж буй гэж ойлгож болно.” /Өнөөдөр сонин/
Цэвдэг бол экосистемд чухал нөлөөтэй хүлэмжийн хийг цэвэршүүлдэг байгалийн систем юм.
Монгол Улсад малын метаны ялгаралтыг бууруулах гол арга нь малын тоо толгойг зохистой түвшинд барих, бэлчээрийн менежментийг сайжруулах юм. “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” хэмээх баримт бичиг 2016- 2020 онд мал сүргийн тоо, харьцаа, сүргийн бүтэц төрлийн зохистой харьцааг бүрдүүлэх… тухай тусгажээ. Мөн 2020- 2024 онд дахин хэрэгжүүлэх зорилттой байсан юм. Тэгвэл малчид ингэж ярив.
Бодлогын систем
Монгол Улсад “Бэлчээр ашиглах журам” бий боловч “Бэлчээрийн тухай” хууль үгүй байна. Нийтийн эзэмшлийн талбай сүйтгэвэл Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээг авдаг байтал бэлчээрийг доройтуулсан бол хариуцлага хүлээнэ гэсэн заалт аль ч хуульд алга. Тэгвэл үүнийг хэрхэн бодлогын баримт бичигт тусгах вэ? Эдийн засгийн хувьд малчдын өрхийн орлого, хүн ам, нийгмийн байдлыг харгалзан үзэж татварын бодлогоор малын тоо толгойг барих гарц бий юу. Нөгөө талаас төгрөгийн ханш үнэгүйдсэн энэ цаг үед малчид ч бас олон малтай л байхгүй бол амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрээд байна гэдгийг хэллээ. Зуд болмогц л нойрноосоо сэрэх мэт хэдэн боодол өвс тараагаад орхих бус шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлчээрийг доройтуулахгүй байх, нөгөө талаас малчдын амьжиргааг ч дээшлүүлэх оновчтой шийдвэр, системтэй бодлогыг хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. Иймээс “Бэлчээрийн тухай” хуулийг батлах цаг хаяанд иржээ.
We use cookies to enhance your browsing experience, provide personalized content, and improve site performance. For the best experience, please keep your browser up to date — update for faster load.