ЯРИЛЦЛАГА

Б.Анхцэцэг: Монгол хэлээр дамжуулан монгол хүнийг бүтээдэг                 

Өдрөөс өдөрт даяаршиж буй энэ цаг үед монгол хэл бичиг, өв соёлоо тээн, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд зориг шулуудан алхаж буй шинэ үеийн төлөөлөл, Нийслэлийн ерөнөхий боловсролын 40-р сургуулийн МХБУЗ-ын шинэхэн багш Б.Анхцэцэгтэй монгол хэлэнд тулгарч буй асуудлууд болон сурагчдын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Б.Анхцэцэг гэдэг. 2025 оны хавар МУИС-ийг МХБУЗ-ын багш мэргэжлээр төгссөн. Одоо НЕБ-ын 40-р сургуульд эхний жилдээ ажиллаж байна.

 -Ярилцлагаа таны мэргэжил сонголтоос эхэлье гэж бодлоо. Монгол хэл бичиг, уран зохиолын багш мэргэжлийг сонгох болсон шалгаан тань юу вэ?

 -Ер нь бол монгол хэлийг дэлхийд таниулах зорилготой. Эх хэлээ гадаадын сургуулиудад заадаг хэмжээний хүн болохыг хүссэн. Миний хувьд маш олон орны хэл сурах, судлах сонирхолтой. Гэхдээ тэр олон хэлнээс яагаад монгол хэлийг сонгосон бэ? гэхээр монгол хэл нь хүний ухааныг тэлж байдаг. Утгыг нь ойлгоход ухаан шаарддаг, баялаг хэл учраас харь улсын хүмүүст эх хэлнийхээ яруу тансагийг мэдрүүлэх гэж монгол хэлний багш болсон.

-Таны хувьд ажлын байранд гараад удаагүй байна шүү дээ, сурагчидтай харилцахад ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?

            -Ерөнхийдөө гэр бүлийн суурь хүмүүжил муу, харилцааны соёлгүй, хүн хүндэтгэх чадамжгүй сурагчид үе үе тааралддаг. Мөн нэг жишээ авбал миний хичээл заадаг ангид гэр бүлээрээ олон жил гадаадад амьдарч байгаад ирсэн сурагч бий. Тэр маань монгол хэлээр ойлгодог хэрнээ ярьж чаддаггүй, монголд дасаагүйдээ тэр үү, бусадтайгаа харилцахдаа жаахан тааруу. Тиймээс тэр сурагчтайгаа харилцахад зарим талаараа бэрхшээлтэй байдаг.

 – Анхны ажлын гараагаа НЕБ-ын 40-р сургуулиас эхэлсэн байна шүү дээ. Яагаад хувийн сургууль бус улсын сургуулийг сонгон ажиллах болсон бэ?

 -Мэдээж цалин хөлс, ажиллах орчин, сургалтын хэрэглэгдэхүүний хангамж талаас нь бодож үзвэл хувийн сургууль хамаагүй илүү шүү дээ. Гэхдээ багш нартаа тавьдаг шаардлага нь түүнийгээ дагаад хэт өндөр. Дөнгөж ажлын байранд гараад туршлагагүй үедээ их ачаалалтай ажиллах нь ажлаасаа халшрах эрсдэлтэй болохоор улсын сургуулийг сонгож ажилласан.

 -МХБУЗ-ын хичээлээр дамжуулан сурагчдын зайлшгүй эзэмших чухал ур чадвар, уг хичээлийн зорилго, үнэ цэнийн талаар өөрийн бодлоо хуваалцана уу?

 -Хамгийн түрүүнд эх оронч үзэл сууна. Ингэснээрээ монгол гэх улс дэлхийд оршин тогтнодог юм шүү гэдгийг баталж, хүмүүст таниулна. Зайлшгүй эзэмших ур чадвар гэвэл зөв сайхан цэгцтэй ярьж сурна, зөв хүмүүжинэ, үгийн баялаг нэмэгдэнэ, оюун бодол тэлнэ, эх орон, эх хэлээ харь улсаас хамгаална. Эв эеэ эрхэмлэхэд суралцана. Ингэснээр монголчууд нэгдэж чадна. Эх хэлний үнэ цэн нь эх орноо хайрлах хамгаалах сэдлийг хүүхдүүдэд суулгадаг юм болов уу гэж бодож байна.


-Нэг ангид долоо хоногт нийт хэдэн цагийн хичээл зааж байгаа вэ? Анги дүүргэлт, ажлын ачаалал ямархуу байна?

-Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээл тус бүр хоёр, хоёр цаг буюу нийт зургаан цагийн хичээлийг долоо хоног тутам ордог. Анги дүүргэлтийн хувьд нэг анги 35-40 хүүхэдтэй. Ганц багш 40 хүүхэдтэй тулж ажиллах, хичээлийн агуулгыг хүүхэд бүрт хүртээмжтэй байлгах гэдэг амаргүй. Үүний хажуугаар сурагчид үймүүлэх, шуугилдах зэрэг дуу чимээнд их ядардаг.

 -Сурах бичгийн агуулгын түвшин болон сурагчдын түвшний ялгаа хэр байна вэ? Ер нь сурах бичгийн агуулгын талаар таны бодол? Шүүмжлэлтэй ханддаг зүйл бий юу?

 -Ковид 19, багш нарын хэт ачаалал, уламжлалт заах арга буюу багш төвтэй сургалтын арга зүйгээс шалтгаалан сурагчид ерөнхийдөө нийтээрээ хоцрогдолтой байна. Тиймээс сурах бичгийн агуулга, сурагчдын түвшинтэй таарахгүй байгаа. 8-р ангийн сурагчдад тухайн ангийн сурах бичгээс хичээл ороход хоцрогдол ихтэй тул 6,7-р ангийн мэдлэгийг сэргээн санах, шинэ мэдлэг нөхөж олгох зэрэгт хичээлийн цаг их зарцуулдаг. Энэ мэтчилэн асуудал их тулгарна аа. Сурах бичгийн агуулгын хувьд гэвэл илүү шинэлэг загвартай, цаг үетэйгээ нийцсэн, хүүхдийн анхаарал татахуйц эх бүхий агуулгатай бол зүгээр санагддаг. Жишээ нь: Монгол бичгийн унших эхэд “И-спорт”-ын талаар оруулдаг ч юм уу? Энэ нь хүүхэд уншихад илүү сонирхолтой байх болов уу?

  -Сурагчдын монгол хэлний чиглэлийн хичээлд (монгол хэл, монгол бичиг, УЗ) хандах хандлага болон үнэлэмж таны бодлоор ямархуу байна? Сурагчдын монгол хэлэнд хандах хандлага, үнэлэмжийг өсгөх тал дээр юунд түлхүү анхаарч, ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Ажлын гараагаа эхэлснээс хойш анзаарч харсан нэг зүйл бол сурагчдын дийлэнх нь монгол хэлний чиглэлийн хичээлд сонирхолгүй, дургүй болсон гэдэг нь илт мэдрэгдэж байгаа. Сурагчдын хувьд эх хэл бичгийнхээ үнэ цэнийг мэдэхгүй, эх хэлээ алдаж харийн соёл руу уусах хандлага их ажиглагдах болсон. Хүн өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг ойлгодоггүй гэдэг үнэн. Өвөрмонголчууд харийн нутагт амьдаран суурьшиж ирсэн улс учир эх хэл, эх орон гэж ямар сайхан, хэчнээн үнэ цэнтэй болохыг үргэлж ойлгон дээдэлж, хайрладаг хүмүүс байдаг.

 Харь хэлийг эх хэлний хичээлдээ оруулан бичиж байгаа хүүхдүүд ч байдаг. Тэдний хувьд багаасаа өөр соёл руу сонирхол татагдсан учир эх хэлээрээ зөв бичих, уншиж ойлгох гэх зэрэг чадварууд нь сул байдаг. Монгол хэлний хичээл ихэвчлэн дүрэм байдаг учир хүүхдүүдэд залхмаар санагддаг. Эх хэлээрээ ярьж л байвал дүрэм хэнд хамаатай юм гэж боддог ч энэ нь цаашлах явцдаа монгол хэлний зөв бичих дүрмийг алдагдуулж эх хэл маань тогтворгүй болох эрсдэлтэй юм. Эх хэлдээ хандах хандлага нь  монгол хэлээ мартах, өөрийн гэх нутаггүй болсон үед л өсөх байх даа. Сурагчдыг эх хэлний хичээлдээ дуртай болгохын тулд зохиолд дурлуулах чухал юм шиг санагддаг. Сурагчид маань зохиолын яруу сайхныг бахдан, баясаж, мэдэрч ойлгож сурсанаараа монгол хүний ухаан, монгол хэлний үгийн гайхамшигаар бахархаж эх хэлээ дээдэлдэг болно гэж би боддог.

 -Аливаа улс үндэстний оршин тогтнох үндэс нь эх хэл, соёлын халдашгүй дархан байдал байдаг. Тэгвэл өнөөдөр монгол хэлэнд ямар аюул тулгараад байна вэ?

            -Хүүхдүүд ярианы болон бичгийн хэлэнд монгол хэлний үгийн сангаас бага ашиглаж, харь хэлнээс олон үг хэллэг ашиглан ярих, бичих нь элбэг болсон байна. “Англи хэл сурах хэрэгтэй, хэлтэй бол хөлтэй” гэсэн сурталд хэт автан эх хэлээ үнэлэх үнэлэмж нь буурч байгаа нь аюул болов уу даа. Угтаа бол эх хэлээ сайтар эзэмшиж, монголоороо сэтгэдэг болсныхоо дараа харь хэлийг эзэмшвэл зохистой гэж би хувьдаа боддог. Зарим хүүхдүүд монгол ахуй соёлыг уран яруугаар дүрслэн бичсэн эхийг уншаад дийлэнх үгийн утгыг мэдэхгүй, ойлгохгүй байгаа нь монгол хэлний хэрэглээ багасч байгаагийн нэг жишээ мөн. Монгол хэлээр дамжуулан монгол хүнийг бүтээдэг. Иймийн тулд бид эх хэлээ эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй.

 -Бид монгол хэлэнд тулгарч буй аюулыг хараад шүүмжлээд өнгөрөх бус яавал энэ аюулыг багасгах вэ? гэдэг нь их сонирхол татаж байна л даа, та ямар бодолтой байна вэ?

 -Монголоороо сэтгэж байж монгол хүн болно шүү дээ. Тиймээс багаас нь монгол хэл, соёлын үнэ цэн, дархлааг суулгаж монгол хүн бүтээхэд эцэг эхчүүд анхаарч, сургалтын бүх түвшний байгууллагууд хөтөлбөртөө нарийн тусгаж, цаашлаад улсаас урт хугацааны бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол хүн бүтээж, монголоор сэтгүүлэх гэдэг маань эх хэлний боловсролтой салшгүй холбоотой. Бид л том том зүйл бодоод байхаас биш угтаа тийм биш шүү дээ. Адаглаад л гудамжаар алхахад хаяг, сурталчилгаанууд монголоор, зөв бичих дүрмийн алдаагүй байвал бага багаар нөлөөлөх болно.

 -Эх хэлний боловсролыг хүүхдэд олгох нь дан ганц багшийн үүрэг биш эцэг эхийн үүрэг оролцоо их байдаг байх нь, таны бодлоор эцэг эхчүүдэд юу гэж зөвлөмөөр байна?

-Багаас нь хүүхдүүддээ монгол өгүүлэмжтэй үлгэр, домог уншиж өгөх, зүйр цэцэн үгс, ертөнцийн гурав зэргээр хүмүүжүүлэх нь эх хэлний боловсролын суурь болно. Мөн гадаад хэл сурахыг зөвлөж, дэмжиж, шаардахаасаа өмнө хүүхдийнхээ монгол хэлний мэдлэг аль зэрэг түвшинд байгааг мэдэх хэрэгтэй. Эх хэлээрээ сайн сэтгэж, ярьж, бичиж байгаа хүн гадаад хэлийг хялбар, хурдан эзэмшинэ. Хилийн дээс алхаад монгол хэл, бичгээ мэддэг байвал бүр л гайхуулам бахархууштай шүү дээ. Хүүхэдтэйгээ цахимаар харилцахдаа кириллээр, алдаагүй зөв бичих нь хүртэл эерэг нөлөөлөл болно гэдгийг бодох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцлага бэлтгэсэн: С.Баттулга

Bayarmaa

About Author

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Танд дараах нийтлэл ч бас таалагдах магад

ЯРИЛЦЛАГА

Д.Туяа: Өвдөхөөс айх биш, эмнэлгийн зардлаас айдаг нийгэм болжээ

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нь иргэдийн эрүүл мэнддээ хандаж буй байдалд шууд болон шууд бус нөлөө үзүүлдэг. Тухайлбал, шүдний
ЯРИЛЦЛАГА

Ө.Цэнгэлжаргал: Багш нарын ажил хаялт нэгдүгээр анги болон төгсөх ангийн сурагчдийн сэтгэл зүйд шууд нөлөөлж байна

“Хүмүүн олон улсын дунд сургууль”-ийн хүүхдийн сэтгэл зүйч Ө.Цэнгэлжаргалтай багш нарын ажил хаялтын үед хүүхдийн сэтгэл зүйд гарах өөрчлөлтийн талаар