
Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нь иргэдийн эрүүл мэнддээ хандаж буй байдалд шууд болон шууд бус нөлөө үзүүлдэг. Тухайлбал, шүдний эрүүл мэндийн асуудал нь зөвхөн хувь хүний ариун цэврийн дадлаас бус, амьжиргааны түвшин, боловсрол, нийгмийн ялгаатай салшгүй холбоотой. Энэ хүрээнд бид “Blossom Dental Wellness” шүдний эмнэлгийн эмчилгээний эмч Д.Туяатай ярилцаж, Монголын өнөөгийн нөхцөлд иргэдийн шүдний эрүүл мэнддээ хандаж буй байдал, эдийн засгийн боломж, насны болон нийгмийн давхаргын ялгаа хэрхэн илэрч буй талаар мэргэжлийн байр суурийг нь сонслоо.
-Сүүлийн жилүүдэд Монголын шүдний эрүүл мэндийн салбарт ямар гол өөрчлөлт, чиг хандлага гарч байна вэ?
– Урьдны жилүүдтэй харьцуулахад эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдний эрүүл мэндэд илүү анхаардаг болсон. Гэхдээ орчин үеийн хүүхдийг бор хоолонд орсон цагаас эхлэн, бага насанд нь эрүүний булчинг ажиллуулахгүй, буталсан, зөөлөн хоол хүнсээр хооллосноор шүдний гажиг эрс ихэссэн. Мөн хэт хүчиллэг болон чихэрлэг зүйлсийг хяналтгүй өгснөөс болж Ясжилт муудаж үүнийгээ дагаад шүдний өвчлөл залуужиж байна. Эцэг эхчүүд хүүхдийн шүдний өвчлөл хүндэрсэн үед нь үзүүлэх нь элбэг.
-Эдийн засгийн нөхцөл байдал сайжрах, муудах нь хүмүүсийн шүдний эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд хамрагдахад нөлөөлдөг үү?
– Мэдээж шууд нөлөөлдөг. Сарын эхээр болон сүүлээр иргэдийн цалин, нийгмийн халамжийн мөнгө орох үеээр шүдний урьдчилан сэргийлэлтэд хамрагдах, эмчлүүлэх нь нэмэгддэг. Гэсэн хэдий ч ихэнх үйлчлүүлэгч төлбөрөө хувааж төлөх нь олон байдаг.
-Таны ажигласнаар, хүмүүс шүдний өвчнөө хүндэрсний дараа ирэх нь элбэг үү, эсвэл урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол ирдэг үү?
– Манай монголчуудын хувьд урьдчилан сэргийлэхээр ирэхээс илүүтэй эцийн шатанд хүртэл хүндэрсний дараа ирэх нь элбэг байдаг.
-Үнэ ханш нь иргэд үйлчилгээ авахад хүндрэл учруулдаг уу? Жишээлбэл, эмчилгээ хойшлуулах, хямд сонголт хийх гэх мэт.
-Төлбөр мөнгөний асуудлаас үүдэн эхэлсэн сувгийн эмчилгээгээ хүртэл хаяад ирэхгүй байх тохиолдол олон. Энэ нь эргээд өөртөө эрүүл мэндийн болон, санхүүгийн том хохирол учруулж байдаг. Тийм ч учраас урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж байх ёстой.
-Хувийн эмнэлэг ба улсын эмнэлгийн үйлчилгээний чанар, үнэ ханшийн ялгаа иргэдийн сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?
– Улсын эмнэлэг нь 0-6 насны хүүхдийн тав хүртэлх шүд, 7-18 насны хүүхдийг зургаа хүртэл шүд, жирэмсний хяналтад буй эмэгтэйн өвчилсөн бүх шүдний эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэн үздэг. Тэр ч утгаараа иргэд улсын эмнэлгээр илүү үйлчлүүлдэг. Үнэ ханшийн хувьд үйлчлүүлэгчид улсын эмнэлгийг сонгодог. Харин үйлчилгээний тал дээр хувийн эмнэлэг нь тоног төхөөрөмжийн чанар, хүртээмж сайн байдаг нь үйлчлүүлэгч нар өндөр үнэлэхэд нөлөөлдөг гэж бодож байна. Улсын эмнэлгийн мэдээ алдуулах тариа үйлчилдэггүй, их өвддөг гэсэн хүмүүс их ирдэг.
-Өсвөр наснынхны дунд шүдний арчилгааны талаарх мэдлэг, дадал ямар түвшинд байна вэ?
-Өсвөр наснынхны хувьд шүдээ маш хангалтгүй угааж байдаг. Өдөрт ганц, гурав хоногт нэг, огт угаадаггүй гэх хүүхдүүд ихсэж байгаа шалтгаан нь эцэг эхчүүд өөрсдөө амны хөндийн эрүүл мэндийн боловсролгүй байгаатай холбоотой. Хүүхдийг анх төрсөн цагаас эхлэн амны хөндийн өнгөрийг цэвэрлэж, цахиур цухуйсан цагаас амны хөндийг анхаарах хэрэгтэй. 4-5 нас хүртэл эцэг эхчүүд шүдийг нь угааж, зөв дадал суулгах ёстой. Анхнаасаа дадал суугаагүй хүүхэд өсвөр насандаа ч ухамсарладаггүй. Өсвөр насны үйлчлүүлэгчид эмчилгээний явцад тогтмол угааж хэвшдэг ч 3-6 сарын дараа үзлэгт ороход эргээд хэвэндээ орчихсон байдаг.
-Насанд хүрэгчид болон ахмад настнуудын дунд шүдний арчилгааны талаар хамгийн түгээмэл буруу ойлголт юу байдаг вэ?
-Хэдий 50-аас дээш наснынхан нийгмийн үечлэлийн хувьд шүдны эрүүл мэнд чухал гэх анхан шатны мэдлэггүй өссөн байж болох ч гэлээ одоо цагтайгаа хөл нийлүүлж ойлгож, судлахыг хичээх хэрэгтэй санагддаг. Ихэвчлэн шүд өвдвөл өлөн шээсээр боодог, өвчин намдаах хүчтэй эм зуугаад зүгээр болгочихдог гэдэг хүмүүс их ирдэг. Эмчилгээ хийлгэх хүсэлгүй шууд авхуулъя гэж зүтгэдэг. Үүнээс улбаатай эрт “Шүдгүйдэл”-д өртдөг.
-Залуусын хувьд гоо сайхны шүдний эмчилгээ (шүд цайруулах, hollywood smile, шүд тэгшлэх гэх мэт) хийлгэх нь нэмэгдэж байна уу? Энэ нь нийгмийн өөрчлөлттэй хэр уялдаатай гэж бодож байна вэ?
-Манай залуучууд их соёлжиж гадаад төрхөндөө, эрүүл мэнддээ анхаардаг болсон нь бахархууштай. Зөвхөн гоо зүй талаасаа өв тэгш байхаас гадна эрүүл мэнддээ анхаарч, өөрийгаа хайрлаж, эрүүл чанартай амьдралыг эрхэмлэдэг болсон. Мэдээж хэрэг нийгэм сайхан болохын хэрээр залуус ч дагаад хөгжиж байна.
-Та өөрийн ажиглалтаар нийгмийн давхарга, орлогын түвшин шүдний эрүүл мэндийн байдалд хэр их нөлөөлж байна гэж үздэг вэ?
–Эмчилгээнд орсон долоон хүн тутмын гурав нь ямар эрсдэл үүсэхийг мэдэхгүй эхлүүлсэн эмчилгээгээ орхиод алга болчихдог. Хэдэн сарын дараа хавдаж, идээлээд бүр цаашлаад үхэлд хүрэх хүртэл хүндэрсний дараа ирдэг. Энэ нь иргэдын орлогын түвшинтэй шууд хамааралтай. Манай эмнэлэг үйлчлүүлэгчдээ аль болох төлбөрийн уян хатан нөхцөл санал болгохыг хичээдэг. Эмчилгээны төлбөрөө хоёр хувааж төлөх боломжтой. Хувааж төлж буй үйлчлүүлэгч урьдчилгаагаа өгөөд эмчилгээгээ дуусгахгүй орхих нь олонтаа.
-Хот, хөдөө орон нутгийн иргэдийн шүдний арчилгаанд хандах хандлагын ялгаа ямар байна вэ?
–Орон нутагт шүдний кабинетийн хүрэлцээ бага байдаг. Тийм ч усраас орон нутгийн иргэд хот ирэх үедээ эрүүл мэнддээ анхаарч үзлэгтээ хамрагдчихаад явдаг. Орон тутгаас зориод ирдэг байнгын үйлчлүүлэгч олон байдаг. Хүн хаана ч амьдарч байсан гол нь эрүүл чанартай амьдрах чухал шүү дээ.
-Эмчилгээ хийх явцад нийгмийн ялгааг хамгийн тод мэдэрсэн тохиолдлуудаас хуваалцаж болох уу?
– Шүд нь өвдөөд олон хоночихсөн, нүүр нь тэгширтлээ хавдчихсан нэг эмэгтэй ирж үзүүлэхдээ хэлсэн үг нь санаанаас огт гардаггүй юм. Ингэж хүндэрчихсэн байхад яагаад ирж үзүүлээгүй юм бэ? Гэхэд “Эгч нь олон хүүхэдтэй, өрх толгойлсон ээж, хэдэн хүүхдийнхээ хоолны мөнгөнөөс хороож байснаас өвдөөд явж байсан нь дээр санагдсан юм аа” гэж зүрхэнд хүртэл хэлсэн. Тэр үед хүн өвдөхөөс айх биш, эмнэлгийн зардлаас айна гэдэг, энэ нийгмийн эдийн засгийн бодит байдлын илрэл гэдгийг мэдэрсэн дээ.
-Хүмүүсийн амьдралын хэв маяг (хооллолт, стресс, архи, тамхи) шүдний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг гэж та ажигладаг вэ?
–Шүд цоорох, шарлах, гажигтай ургах, гээд бүхий л асуудал энэ бүхнээс улбаатай. Мэдээж эрүүл амьдралын хэв маяг бол урт удаан амьдралын суурь байдаг. Одоо бүхий л зүйл даяарчлагдахын хэрээр бид бүхний идэж хэрэглэх бүхэн боловсронгуй болж шүдний өвчлөлийг өөгшүүлэх болоод байна.
-Эцэст нь, иргэдэд өгөх таны хамгийн чухал зөвлөгөө юу вэ?
-Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг дээ. Өөрсдөө эдгээчихдэг бол эмч бид байгаад байх хэрэг юун билээ. Тиймээс монголчууд минь тартагтаа тултал гүрийж явалгүй урьдчилан сэргийлэх үзлэгтээ тогтмол хамрагдаж байгаарай. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрсдөө эхлээд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлээрэй гэж уриалмаар байна.
Ярилцлага бэлтгэсэн: Ч.Нандин-Эрдэнэ

