Үндэсний бөхийн өмсгөл, дээл, гутал, дархны бүтээлүүд хүртэл үйлдвэрийн хурд, хөнгөн хийцтэй өрсөлдөж буй энэ үед гар урлалын үнэ цэн улам бүр алдагдаж байна. Гэвч энэ бүхнийг үл хайхран монгол хүний хийморь, ур чадварыг сэтгэлээрээ хадгалж яваа гар урлаачид цөөнгүй бий. Тэдний нэг бол бөхийн зодог, шуудаг урлаж үндэсний өвөө хамгаалж яваа Н.Баярмагнай юм. Түүнтэй үндэсний дархлаа, өв соёл, бөхийн өмсгөл урлалын тухай хуучилсан юм.
–Та бөхийн өмсгөл урлаад хэдэн жил болж байгаа вэ? Анх яагаад зодог шуудаг хийх болсон бэ?
-Би барилддаг болохоор өөртөө зодог хийж өмсөхийн тулд урлаж эхэлсэн. Арслан цол авсны дараа жил гэхээр 2000-аад онд юм байна. Анх тэгж эхлээд орхичихсон байсан, эхнэртэйгээ гэр бүл болоод залуу бөхчүүддээ зодог шуудаг хийж өгье гээд буцаад урлаж эхэлсэн.
–Та өөрөө бөх гэлээ, хаанахын ямар цолтой вэ?
-Угсаа гарваль гэвэл Увс аймгийн Бөхмөрөн сумынх. Орхон аймгийн наадамд 2000 онд түрүүлж, үндэсний бөхийн аймгийн арслан цол хүртсэн. Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа түрүүлсэн, Азийн аварга Норжингийн Баярмагнай гэдэг хүн байна.
–Зодог, шуудагт монгол хүний хийморь сүлд, эр зоригийг илтгэх ямар бэлгэдэл шингэсэн байдаг вэ?
-Анх битүү, ширэн зодогтой байсан ч Манжийн үед даавуун материалтай болгосон. Зодог, шуудгын аль нэг нь цэнхэр, улаан өнгөтэй байдаг нь монгол төрийн далбааг бэлгэддэг. Эрийн хийморь малгай, бүс гэдэгтэй адил бөх хүний зодог, шуудаг дээгүүр л байх ёстой юм.
–Энэ урлалыг хийхэд даавуу, өнгө бүр тусдаа утга агуулдаг гэж та сая хэллээ шүү дээ. Тус бүр нь ямар учиртай вэ? Жишээ нь зодог шуудаг яагаад тийм олон ширээстэй байдаг вэ?
-Өмсгөлийг бат бөх болгохын тулд ширдэг. Өмнө нь ийм байгаагүй юм. Чингис хааны үеийн зодгийг өвөр монголчууд хадгалж ирсэн. Яг хуучны хэв маяг гэх юм уу, ширээр хийгээд төмөр хаддаг. Манай одоогийн хэв маяг Манжийн үеэс ийм болсон гэж түүхэнд бичсэн байдаг. Сүүлд ширэн зодгоо больсны дараа торгоор хийдэг байсан. Торго хамгийн бат бөх гэгддэг байсан, одоо харин шүхрийн материал гараад ирчихсэн байгаа. Ширээс нь бат бөхийг бэлгэдэж урагдахгүйгээс гадна гоёлын зориулалттай.

–Бөхийн өмсгөлийг урлах явцад баримтлах ёс, цээр гэж бий юу?
-Байлгүй яах вэ. Сүүлийн үед янз янзын л хүмүүс оёж байна. Дээр үед бол Цэрэн аварга оёж байсан, одоо охин нь оёдог юм гэнэ лээ. Бөхчүүдээр оёулдаг, сайн өдөр харж байгаад эсгэдэг. Цээрлэх ёсонд авгай, хүүхэд алхуулахгүй, хөлийн доор тавихгүй, алаг нохой гишгүүлэхгүй гэдэг. Хүндэлж явах хэрэгтэй л дээ. Угаахдаа ч гэсэн өөр хувцастай угаалгын машинд хийдэггүй. Ёсолж дээдлэх тал дээр хоёр гурван охин хүүхэдтэй, хүүгүй айл хүү гарахын бэлгэдэл гээд надаар зодог шуудаг урлуулдаг.
–Дээл хувцсыг хүний биеэс авсан хэмжээсний дагуу эсгэж оёдог бол бөхчүүдээс долоо хоногийн өмнө авсан хэмжээгээр эсгэхэд л таарахаа больчихдог. Амраад, эсвэл бэлтгэл хийгээд хэд хоноход л бие галбир нь тэс өөр болоод ирдэг гэж байсан. Танд тийм асуудал тулгарч байсан уу?
-Гардаг л юм. Гэхдээ биеэс хэмжээ авсан бол тухайн хүний биеийн пропорцоос хамаардаг. Урт богино цээжтэй, урт богино гартай, бүдүүн тааз гуятай гээд янз янзын биеийн харьцаа байдаг болохоор бөхийн өмсгөлийг заавал өөрөөс нь хэмжээ авдаг. Түүнээс энгийн хувцас шиг X, XL, XXL гэсэн тодорхой хэмжээ байхгүй шүү дээ.
–Орчин үеийн бөхчүүд уламжлалт хийцээс өөр, шинэ хэв маягтай өмсгөл хүсэх тохиолдол байдаг уу? Ягаан, ногоон, хүрэн гэх мэт хүссэн өнгөөрөө хийлгэдэг болсонд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Яах вэ, нийгмээ дагаад тийм өөрчлөлт гарч байна л даа. Яг ногоон, ягаан, хүрэн гээд өнгө өнгөөр хийлгэх гэсэн хүмүүс орж ирнэ ээ. Гэхдээ бөхийн зодогт хар өнгө л орж болдоггүй, цээрлэдэг. Баянхонгорынхон ногоон өнгөөр хийлгээд байгаа ажиглагддаг, хүн хүнээсээ л болдог байх. Ламд үзүүлээд өнгөө сонгуулаад ирдэг нь ч байна. (инээв)
–Зодог, шуудаг урлах ажилд хамгийн төвөгтэй, нарийн ажиллагаа шаарддаг зүйл нь юу вэ?
-Хамгийн төвөгтэй гол ажиллагаа нь ширэх. Утсаа нэг нэгээр нь ширдэг, тэгэхдээ зангилаа ордоггүй. Зангидах ёсгүй байдаг.
–Наадамд зодоглохдоо зөвхөн танаар л өмсгөлөө хийлгэнэ гэсэн бөхчүүд байдаг уу? Яагаад тэгдэг юм бол?
-Зөндөө зөндөө, Магнай арслангаар хийлгэе гээд ирнэ. Залуучууд, цолтой бөхчүүд ч ирнэ. Таньдаг хүнээс утасны дугаар аваад л давхиад ирсэн байдаг. Эртнээс бөх хүний хийсэн зодгийг өмсөөд наадамд гарах сэтгэлд өег байдагтай л холбоотой байх.
–Ёс уламжлал, өв соёл гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?
-Монгол ёс заншил гэдэг чинь өвөг дээдсээс уламжлагдан ирсэн дэлхийн хаана ч байхгүй зүйл шүү дээ. Бөх, зодог шуудаг нь Монгол Улсын өв соёл. Дөмөгхөн эр үндэсний бөхөөрөө барилддаг, бөх хүн ийм жудагтай байх ёстой, эрэмбэ дараатай байх ёстой гэдгийг мэддэг байх хэрэгтэй. “Дөмөг эр байя гэвэл монгол бөхөөр барилд, дөлгөөн эр байя гэвэл монгол бөхөөсөө суралц” гэдэг үг байдаг даа.
–Залуус уламжлалаа мэдэх, дээдлэх хандлага, энэ урлалыг сурах, өвлөх сонирхол хэр байна вэ? Танай хүүхдүүд сонирхдог уу?
-Бөх барилдаж, ноцолддог хүмүүс бол дээдэлж л байна. Барилддаггүй байсан ч үзээд дэмждэг хүмүүс их байгаа. Монгол хүн болж төрснийх монгол бөхөө сонирхолгүй л яах вэ. Залуучууд бол сонирхоод ирнэ. Заа, ингэж оёно гээд заагаад суулгахаар удаан суугаад чилнэ, нуруу ууц хөшнө, алдаж явна гээд их шантардаг. Зодог шуудаг урлана гэдэг нь өөрөө их уйгагүй хөдөлмөр ордог, хүнд ажил. Гэхдээ хийх нэг нь хийж байгаа, сайхан урладаг залуучууд цөөнгүй бий. Хүүхдүүдээрээ оёулж үзэхэд жижиг өмсгөлийг оёх нь оёж байна лээ. Гэхдээ яг энийг дагнаад хийе гэсэн хүн гарч ирдэггүй, мэргэжлээрээ ажлаа хийгээд явж байсан нь дээр гэж боддог. Сонирхож байгаа нь л авууштай юм даа.
–Үндэсний бөхийг хадгалж авч үлдэх, түгээн дэлгэрүүлэхэд төр засгийн зүгээс юу хийх хэрэгтэй вэ?
-Улсын их баяр наадмаа зөв, сайхан зохион байгуулдаг байхад л болно доо. Тэгвэл нөгөө допинг, дүрмийн өөрчлөлт гэх мэтийн маргаан гарахгүй байх. Төрийн хүндлэл ёслолын барилдаан болдог учраас улсын баяр наадмыг төрөөс зохион байгуулдаг. “Төрт ёс түвшин амгалан байвал монгол үндэсний бөх ч түвшин амгалан байна” гэсэн утгатай юм.
–Энэ сайхан уламжлалыг ирээдүй хойч үе маань яаж хадгалж авч үлдээсэй гэж боддог вэ? Цаашид ёс уламжлал, гар урлал гэдэг зүйл ямар байр суурьтай байх ёстой вэ?
-Монгол хүн эрийн гурван наадмаа хийж л таарна. Бид үгүй болсон ч хэдэн зуун жилээр үргэлжлэх ёстой. Хамгийн гол нь залуус маань монгол соёл, өв уламжлал надаар мухарлагдах вий гэж зовнидог байгаасай. Нэг зодгийг 10 хоног хийдэг гэхээр хүмүүс Хятадад хийлгэчихвэл машинаар хурдан юм биш үү гэдэг. Цаг хугацаагаа бодсон ч авч байгаа хүнээ бодсон ч байж болох л зүйл. Гэхдээ тэгвэл Монголд л ганцхан байдаг түүхэн өв соёл алдагдчихна шүү дээ. Өөрчилж горимыг нь алдагдуулахгүй өв соёлоо хадгалах хэрэгтэй. Монголчууд эртнээс бүх хувцсаа өөрсдөө оёж өмсдөг байлаа шүү дээ. Дээл, малгай, гутал, эмээл, авдар хийдэг хүмүүс тус тусдаа. Хүүхдүүддээ уламжлуулж дагнан мэргэшдэг байсан ч цөөрчихсөн. Би одоо зодог урладаг байлаа гэхэд шавьтай, монгол гутал хийдэг хүн бас шавьтай тэднийгээ сургаад үргэлжлүүлдэг байх хэрэгтэй. Сийлбэрч, алт мөнгөний дархан гээд бүгд өв тээгч. Уламжлагдаад явах ёстой зүйл одоо цөөрч байгаад их л эмзэглэх юм даа.
Ярилцлага бэлтгэсэн: М.Мөнхцэцэг

