3×3 сагсан бөмбөгийн дэлхийн тавцанд Монголын нэрийг өндөрт өргөсөн залуу тамирчин Н.Нандинхүсэлтэй мөрөөдлийн үнэ, амжилтынх нь ард байх хичээл зүтгэлийнх нь тухай ярилцлаа. Тэрээр арван жилийн турш сагсан бөмбөгөөр хичээллэсэн бөгөөд өдгөө 19 настай. Монголын хамгийн залуу МУГТ болоод байгаа билээ. Энэ удаад тэр зөвхөн тамирчин бус, хүсэлдээ үнэнч байх ямар байдгийг бидэнд өөрийн түүхээрээ өгүүлэв.
-Сайн байна уу? МУГТ болсонд нь баяр хүргэе! Сэтгэгдэл ямар байна вэ? Саяхан найраа тэмдэглэсэн шүү дээ.
-Сайн уу? Баярлалаа. Найр сайхан болж өнгөрсөн. Миний хувьд МУГТ болсон гэхээсээ илүү дэлхийн аваргаас медал авсан нь тэмдэглүүштэй хэрэг болсон. Гавьяат болох мэдрэмж нь жаахан эвгүй, бас их шинэ байсан. Гэнэт л авахаар болчихсон байсан. Гэхдээ энэ шангалын дараа олон зүйл өөрчлөгдсөн. Танилын хүрээ тэлсэн, олон том уулзалт, хүлээн авалтад уригдсан.
-Монгол орон даяар амжилтаар тань дамжуулаад таныг мэддэг болсон. Өөрөөр хэлбэл олны танил болсон. Энэ талаар ямар бодолтой байна вэ? Хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү?
-Яг дэлхийн аваргын дараа бол гадуур явахад бараг хүн бүр таниад, хамт зургаа даруулах гээд байдаг болчихсон. Хаана ч, ямар ч газар орсон энэ нь жаахан төвөгтэй байсан. Бас жаахан дарамттай гэх үү. Санаа зовоож байгаа зүйл нь энд(америкт) сурахаар яваад ер нь болж бүтээд байхаар хүмүүсээс ирэх хүлээлт нь улам өндөр болоод байгаа санагдсан. Алдаа гаргаж болохгүй юм шиг санагдаад байгаа.
-Өмнө нь Америкт байх хугацаандаа олон зүйл сурч мэдэн, төлөвшсөн талаараа ярилцлага өгсөн байсан. Энэ удаа өөрөөр хувь хүнээ нээж хөгжүүлсэн зүйл бий юу?
-Эргэж ирээд одоо дөнгөж хоёр сар болсон байна. Арай илүү туршлагатай болж, хүмүүстэй нээлттэй харилцаж сурч байгаа. Монголд байдаг шигээ чөлөөтэй байхыг хичээдэг ч хэл, соёлын ялгаа гээд бэрхшээл олон байдаг. Энэ хүмүүсийн хөнгөн хэлсэн зүйлийг нь би хүндээр хүлээж авах ч юм уу, ойлголцох тал дээр жаахан хэцүү байдаг. Гэхдээ анх ирж байснаа бодвол арай дээрдсэн юм шиг санагдсан.
-Ирээдүйн зорилго, мөрөөдөл тань юу вэ? Үргэлжлүүлээд Америкт амьдрах уу?
-Одоогоор би “division-2” сургуульд бэлтгэгдэж байгаа. Ойрын зорилго, мөрөөдөл гэвэл түвшин ахиж “division-1” сургуульд орох. Хүмүүс намайг “NBA” ороод л, тэнд тоглоно гэж бодож, санал болгодог. Америкт сургуульд орчихсон болохоор шууд л өөр тамирчид шиг NBA-д тоглоно гэж бодож байгаа юм байна лээ. Тийшээ орох сонирхол надад байхгүй ээ. “Division-1” сургуульд сурч төгсөөд, Монголдоо буцаж ирээд тоглохыг хүсдэг.
-Сагсан бөмбөгөөс өөр хобби байдаг уу? Хэрвээ сагсан бөмбөг байгаагүй бол ямар хүн байх байсан талаар өмнө нь бодож байсан уу?
-Чөлөөт цагаараа байгальд гарч амрах дуртай. Байнга бэлтгэлтэй байдаг болохоор аль болох амрахыг хичээдэг. Гэхдээ гэртээ биш гэр бүл найзуудтайгаа салхинд гарах дуртай. Хэрвээ сагсан бөмбөг байхгүй байсан бол өөр ямар нэг спортоор хичээллэх байсан байх. Яг хувь хүнийхээ тал дээр бол нэлээн дотогшоогоо байх байсан. Хүмүүстэй байснаараа тэднээс суралцаж, нээлттэй байхад минь тус болсон гэж боддог доо.
-Тамирчин хүн үргэлж өрсөлдөж байдаг. Хүний хамгийн том өрсөлдөгч нь өөрөө байдаг шүү дээ. Таны хувьд өөртэйгөө тулж байсан хамгийн хэцүү үе хэзээ байсан бэ?
-Анх энд ирээд ганцаараа бүгдийг даван туулах хэрэгтэй болсон үе минь юм уу даа. “Spire”-т байсан үе гэсэн үг. Би энд анх ирэхдээ өөртөө нэлээн итгэлтэй хүүхэд байсан. Бүгдийг нь чадна, хийнэ гээд л. Америкт ирээд удаагүй байхдаа хөлөндөө бэртэл аваад бэлтгэл ч хийж чадахгүй хүнд үеийг туулсан. Бүр 9 настайгаасаа сагсан бөмбөгтэй хамт байж өдөр болгон тоглодог байсан хүн чинь бөмбөгөнд ч хүрч чадахгүй болчихоор үнэхээр хүнд хэцүү санагддаг байсан. Тэгээд л дотор хүнтэйгээ цагийг өнгөрөөж олон зүйл бодож тунгаасан. Ер нь тэр цаг хугацаа намайг төлөвшүүлсэн гэх юм уу. Сүүлийн үед өөртэйгөө тулсан түүх гэвэл дэлхийн аваргын үе. Тэмцээндээ оролцоод бэлтгэл хийж, өөр газруудад байрлаж явсаар байгаад дөрвөн сар өнгөрчихсөн. Гэртээ харилгүй зөндөө удсан байсан. Энэ спортод дуртай ч гэсэн амралтгүй явсаар байгаад сүүлдээ ямар ч хожих хүсэлгүй, тоглохдоо хамаг хүчээ зориулж чадахгүй, тоглох биш ажил хийж байгаа юм шиг, залхчихсан яваад байсан нь үнэхээр хэцүү байсан. Тэр үед өөрийгөө харахдаа “Би чинь залуугаараа байгаа шүү дээ. Ийм эрт залхаж болохгүй” гэж бодоод шантарч, унтрахгүй байхыг хичээсэн.
-Яг тийм үедээ та яаж, юу хийж илүү дээрдэж эрч хүчээ нөхдөг вэ?
-Тийм үед багийнхаа эгч нартай ярилцдаг. Яг ижилхэн нөхцөл байдалд, ижилхэн мэдэрч байгаа учраас ойлголцож ярилцахад амар байдаг. Тэгээд хоёр гуравхан хоног сайн амарч, гэр бүл найзуудтай уулзвал эргээд эрч хүчтэй болж, дурлаж тоглож чаддаг.
-Багийнхантайгаа нэг гэр бүл шиг дотно байдгийг сонсоод үнэхээр сайхан санагдлаа. Тэд хамгийн их урам зориг өгч тусалдаг хүмүүс тань уу?
-Тийм ээ. Энэ хүрээлэлд байж, тэдэнтэй нэг зорилго тэмүүллийг хуваалцаж байгаадаа баяртай байдаг. Ер нь эргэн тойронд байгаа хүмүүс маань дэмжиж, хүнд хэцүү үед ярилцдагт баярладаг. Энэ бүгдийг ганцаараа даван туулж чадахгүй гэж бодож байна. Өмнө нь ганцаараа байхад үр дүн нь тийм ч сайн байгаагүй шүү дээ.
-Ийм их зүйлийг даван туулж байгааг нь хүмүүс тэр бүр мэдэхгүй өнгөрдөг шүү дээ. Амжилтад хүрэхэд нь хүмүүсийн олж хардаггүй, мэддэгүй зүйл өөр юу байдаг вэ?
-Олон дахин оролдож үзээд бүтэлгүйтэх тэр мэдрэмжийг олон дахин удаа тэвчдэг гэдгийг мэддэггүй. Ганц хоёрхон тэмцээнд ороод л хожсон мэтээр бидний амжилтыг хүлээж авах гээд байдаг. Эгч нарын хувьд бүр над шиг байхаасаа тоглож эхлээд одоо л ийм амжилтад хүрч байгаа. Тэр болтол хэчнээн хожигдосныг хүмүүс мэдэхгүй. Байнга хожигдох мэдрэмжийг даван туулж, тууштай байх нь тийм амар биш шүү дээ. Найзуудтай байх, гарч орох цагаараа бэлтгэл хийчихээд хожигдоход маргааш дахиад тогломооргүй санагдах нь сайхан биш.
-Өнгөрсөн үе дэх өөртөө зориулж одоогийн Нандинхүсэл юу гэж хэлэх вэ? Өөрчлөхийг хүсдэг зүйл байдаг уу?
-Өөртөө хийж байгаа зүйлээ тууштай сайн хийгээрэй, үргэлжлүүлээрэй л гэж хэлье дээ. Нэг их өөрчлөөд байх зүйл байхгүй юм байна. Туулсан бүхэн маань яг туулах ёстой зам минь байсан гэж боддог.
-Залуу үеэ манлайлж байлдан дагуулж байгаа нь олон хүнд урам зориг өгч байгаа шүү. Эцэст нь үе тэнгийхэндээ болон энэ спортоор хичээллэдэг дүү нартаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Хийж байгаа зүйлдээ тууштай байгаарай. Монголын ирээдүй өсөж яваа шүү. Тэвчээртэй байж, үргэлжлүүлсээр байгаарай гэж л хэлье дээ. Баярлалаа.
Ярилцлага бэлтгэсэн: Р.Ивээл

