Монгол Улсын Их Сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн ахлах багш С.Дэмбэрэлтэй “Шашин моодноос гарсан уу?” сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Монголд иргэдийн дунд 20-р зуун болон 21-р зууны аль үед нь шашин шүтэх үзэл буурсан бэ? Энэ хоёрыг хооронд нь харьцуулбал…
-Шашин моодноос гарч байгаа юу гэдэг асуултад нэг тодотгол хэлэх гэсэн юм. Ер нь шашны нийгэмд гүйцэтгэх үүрэг буурахыг эрдэмтэд нэр томьёогоор секулярризац гэж нэрлэдэг. Социологч, шашин судлаач эрдэмтэд ч гэсэн ийнхүү нэрлэдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр шашны гүйцэтгэх үүргийг иргэний боловсрол, шинжлэх ухаан, утга зохиол, уран зохиол, урлаг, жүжиг, драм, уран зураг гэх зэргээр дамжуулан хүнд зөв, сайн, ёс зүйтэй, ёс суртахуунтай, бусдыг хайрлах, энэрэх, байгалиа хайрлахыг секулярризац гэнэ. Тэгэхээр энэ шашин моодноос гарч байгаа юу гэдэг асуудал шашны нөлөө нийгэмд буурсантай холбогдож байна.
20, 21-р зууны үеийг хооронд нь харьцуулбал, 20-р зуунд нийгмийн үзэл суртлын хүрээнд шашин бол харь тамхи гэж үздэг байсан. Тийм учраас шашинг харьцангуй шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй гэдэг боловч хаагдмал байсан. Сүм хийд маш цөөхөн, хүмүүсийн шашин шүтлэг ч гэсэн далд хэлбэрт орсон. Ил өөрийнхөө шашныг хэлдэггүй. 20-р зуунд бол шашин шүтэх хүн бага байв. Харин 21-р зуунд шашин шүтэх эрх чөлөө олон улсын баримт бичигт тусгагдаж Хүний эрхийн түгээмэл тунхаглал бичигдэн, Үндсэн хуулиараа олгогдсон эрхийн дагуу хүмүүст нээлттэй болсоноор монголчуудын 60 гаруй хувь нь шашин шүтдэг гэсэн тоо баримт байдаг
-Шашинд сөрөг зүйл бий юу?
Аливаа нэг нийгмийн үзэгдэлд эерэг, сөрөг тал байдаг, судлаачид түүнийг судалдаг. Сөрөг зүйл гэвэл сүүлийн үед нийгмийн сүлжээнд гараад байгаа гаж буруу урсгал. Тэд хүмүүсийг хуурч, залилж, мэхлэн шашныхаа байгууллагад оруулдаг. Тэгээд өөрсдийн шашныг бусад шашнаас илүү гэж үзэн, шашин хоорондын сөргөлдөөн, үл ойлголцол, зөрчил үүсгэдэг. Эсвэл өөрийнхөө шашинд хүмүүсийг оруулаад тархийг нь угаан, сэтгэл санааг нь хянах, тэр хүнийг хаалттай хүрээнд сэтгүүлэх, тэд нараар дамжуулж үнэгүй хөдөлмөр эрхлүүлээд хандив нэрээр их мөнгө аван ашиг орлого олох, гэр бүл салгах, найз нөхдийн хүрээллээс нь холдуулах, ажил сургуулиас нь холдуулах гэх мэтчилэн сөргөөр нөлөөлдөг шашны гаж урсгалууд байна. Нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг зарим нэг шашин бий. Гэхдээ бүх шашин тийм биш л дээ. Өнөөгийн нийгэмд “Шинэ тэнгэр газар” гээд нэг шашин байна. Шашныхаа үүднээс Христийн шашны ном сургаалыг гажуудуулсан гэдэг. Шашин судлаачидын хувьд бол нийгэм, хувь хүн, гэр бүлд үзүүлж байгаа нөлөөгөөр нь бид нар гаж буруу урсгал гэж үзээд байна.
-Орчин цагт залуусын дунд сошиал медиагаар олон нийтэд ил гарсан таны түрүүнд ярьсанчилан гаж урсгал, калтуудаас болж шашин муу нэртэй болж байгаа гэж ойлгож болох уу?
Тийм ээ, тэд нарын хүмүүст үзүүлж байгаа нөлөөнөөс болсон. Гэхдээ нэг шашнаар дамжуулаад бүх шашныг буруу гэж үзэж болохгүй. Жишээлбэл, Буддын шашин бол айлын хаалга тогшоод, гудамжинд барьж аваад л, эсвэл янз янзын байдлаар хоргоогоод, одоо тийм үйл ажиллагаа явуулж байна, ийм үйл ажиллагаа явуулна, салхинд гарна, зугаална, спортын арга хэмжээ явуулна гээд л янз янзын худлаа ярьж үйл ажиллагаа явуулж хүмүүсийг татдаггүй шүү дээ. Хүмүүс өөрсдөө сонирхдог л байвал сүм хийдэд очиж болно. Христийн шашин католик урсгалд сайн мэдээ түгээхдээ шашин шүтэх, эс шүтэхээс хүний эрхийг хүндэтгэж, өөрөөр хэлбэл тэр хүн шашин шүтэхгүй бол тэрэнд нь хүндэтгэлтэй ханддаг. Заавал өөрийнхөө шашинд оруулах гээд байхгүй. Аа, гэтэл энэ гаж урсгалууд болохоор шүтэхгүй, ормооргүй байна аа гэхэд яагаад орохгүй байгаа юм гээд л байнга дарамталж гэрт нь очин хаалга тогшоод, байн байн утастдаг. Мөн өөрсдийгөө сурталчлахын тулд янз янзын үйл ажиллагаа явуулдаг. Соёл, спорт, урлагийн арга хэмжээ ч байдаг юмуу, эсвэл нийгмийн зүтгэлтэн, улс төрийн зүтгэлтэн, урлаг спортын алдартай хүн, залуучуудын шүтдэг хүмүүсийг үйл ажиллагаанд оролцуулж фэнүүдийг өөрсдөдөө татах ажиллагаа байдаг. Үндсэн хуулиар олгосон эрхэнд нь халдаж, хүчээр эсвэл нэг арга барилаар оруулах гэдэг. Тэрнээс бол бүх Христийн шашны урсгал муу гэж ойлгож болохгүй. Зарим нь өнчин өрөөсөн, өрх толгойлсон эмэгтэй, нийгмийн эмзэг бүлгийн хэсэгтэй ажиллаж байгаа шашны байгууллагууд бас бий.
-Залуучуудын дунд уламжлалт шашин шүтэхээс илүүтэйгээр бясалгал, иог, хувийн сүнслэг хайлт хийн манифестэд итгэх хандлага ажиглагдаж байна. Ийшээ чиглэх болсон нь ямар учиртай вэ?
-Яах вэ, энэ нь нийгэмтэй болон залуучуудын сонирхолтой холбоотой. Үүнийг англи хэлээр бол спиритуализм гэж байгаа. Хүн өөрөө өөрийнхөө оюун санаа, гэгээрэл, аз жаргалын зам мөрийг өөрөө бий болгоно гэж бий.
-Тэгэхээр чиний нэр хэн билээ?
-Уранзаяа.
Христианизм ч гэдэг юмуу эсвэл ислам, буддизм, хиндуизм, шинтоизм гэхгүйгээр Уранзаяализм гээд Уранзаяа юуг хүсэж байна? Бясалгалыг хүсэж байна уу? Эсвэл иогийг хүсэж байна уу? Өөрийнхөө сэтгэлийн амар амгалан байлгах, зовлон тохиолдсон үед өөрөө өөртөө итгэлтэй байх, нөгөө шашны өгдөг замыг чи өөрөө судлаад, тэр одоо иог, бясалгал эд нарт татагдах үйл явц. Өөрөө өөрийнхөө эзэн болж, заавал нэг шашин шүтэлгүйгээр зөвхөн тэр шашнуудад байгаа зөв номлол сургаалийг судлаад энэ миний явах зөв зам байна аа гэх юм. Гэхдээ бас л анхаарах хэрэгтэй. Иог, бясалгалаар дамжуулаад Энэтхэгт болоод Азийн улс орны хүмүүс Европд ажиллаж амьдрахдаа бясалгалын сургалт зохион байгуулж, хамрагдаж буй хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн бэлгий дарамт учруулсан тохиолдол гарсан. Манай улсад яасныг мэдэхгүй. Магадгүй гарахыг үгүйсгэхгүй. Монголд иог, бясалгал ихэссэн.
-Энэ нь шашин моодноос гарч буйн илрэл мөн үү?
-Аа, нэг талаар бол тэгэж хэлж болно. Шашны номолж, сургадаг зүйлийг аналитик сэтгэлгээгээр шинжлээд өөрт шаардлагагүй байвал шашин шүтэлгүйгээр амьдарч болно. Өөрөө өөрийнхөө эзэн болоод. Эл үйлдэл моодноос гаргаж болох л юм.
–Сүүлийн үед чухал шалгалтын өмнө 10 жилийн сурагчид болон оюутнууд Гандан орж ном уншуулах үзэгдэл их элбэг гарсан. Шашин шүтэх хэлбэр үү, эсвэл сохороор даган дуурайж буй хэрэг үү?
-Шашны нийгмийн гүйцэтгэх үүрэг байдаг. Шашингүй хүн ч гэсэн аливаа ирээдүйд юу болох вэ, эрсдэл гэдэг юм уу, санаа зовинол байдаг. Тэгэхээр энэ санаа зовинолыг нөгөө ер бусын хүч, эсвэл шашинтай холбож шийдэх зүйл байдаг. Тэгээд яах вэ ид шид, Харри Поттер, Халк Спайдермен гэх мэт янз янзын кинонууд үзээд бид нарыг мунхрууллаа гэж ярьдаггүй шүү дээ, тийм ээ. Тэдгээр нь цаагуураа нэг мессеж өгдөг. Хүмүүст өөртөө итгэлтэй, зөв сайн байх, шударга ёсны төлөө тэмцэх гээд л гарч ирж байдаг. Түүнтэй адилхан шашин ч гэсэн бас тийм зүйл байдаг. Өнөөдөр ч гэсэн ер бусын зүйлд хүмүүс итгэдэг. Оюутнууд ч гэсэн өөрсдөө сэтгэл зовнилдоо арилгахын тулд шашинд хандах, ном уншуулах яагаад болохгүй гэж. Шалгалтынхаа өмнө очоод юм уншуулах нь шашин судлаач хүний хувьд байж болно. Хүний эрх чөлөө.
-Азийн бусад орнуудтай монгол залуусын шашин шүтэх чиг хандлагыг харьцуулсан судалгаа байдаг уу?
-Азийн улс орнуудтай яг тэгж харьцуулсан судалгааг би бол хараагүй. Монгол залуучуудын, оюутнуудын шашин шүтлэгийн байдлыг тодорхойлсон юм. Араваад жилийн өмнө манай тэнхимийн төгсөгч Золзаяа Монгол Улсын хэмжээнд оюутан залуусын шашин шүтэх чиг хандлагыг өндөр насныхантай харьцуулсан судалгаа хийж байсан. Тэрхүү судалгаагаар залуусын шашин шүтэх үзэл бага гэж гарч байсан.
-Шашин судлалд “шашин үгүй болж байна” гэхээсээ илүү “шашны хэлбэр өөрчлөгдөж байна” гэх хандлага байдаг. Энэ хоёрын ялгааг та тайлбарлаж өгнө үү?
-Шашин судлалд хүн байсан цагт шашин байна гэж үздэг. Хүн амьтнаас оюун ухаан, итгэл үнэмшил, зан үйлээрээ амьтнаас ялгаатай. Жишээ нь хурим, оршуулга хийдэг зан үйл. Амьтан хурим хийдэг зан үйл, хүүхэлдэйн кино дээр л гардаг байх. Бас там, диваажин гэх ойлголт. Шашны хэлбэрүүд цаг өнгөрөх тусам өөрчлөгдөөд явна. Шинэ шашин үүсэхээс гадна хүмүүс өөрийнхөө хүсэл сонирхолд тулгуурлаж итгэл үнэмшилдээ үнэт зүйл бий болгодог. Сүүлд шашны үүргийг Европд хагас бүтэн сайнд сүмд очихоосоо илүү хөлбөмбөг, сагс үздэг байдал орлодог болсон.
-Бас и-спорт үзэх болсон шүү дээ.
-Тийм. Аа, бас сүүлийн үед капиталист нийгэмд хэрэглээ, хэрэгцээг их шүтдэг болчихсон. Бурханд хандахаасаа илүү өөрийнхөө сонирхож байгаа хувцас, хэрэгцээтэй зүйлээ хараад явах заавал юм авахгүй. Зүгээр юм сонирхоод явж өөрийгөө тайвшруулдаг аргууд байдаг гэж шашин судлаачид үзэх болсон. Уг нь Christmas гэдэг чинь шашны баяр. Гэхдээ сүүлд Европд бол Christmas гэдэг чинь худалдааны баяр болчихсон. Halloween гэдэг чинь уг нь бол эртний Кельтүүдийн сүнсний баяр. Бүр байгаль шүтдэг, сүнс шүтдэг баяр. Шашныг үгүйсгэдэг мөртлөө баруунаас орж ирсэн баярыг тэмдэглэх юм. Яг үнэндээ цаанаа бол шашны л үзэл санаа. Одоо энэ баярыг зохиож байгаа юм бол хавар гурван сард болдог Гэгээн Патрикийн өдөр гээд байдаг. Аягүй бол тэрийг нь оруулж ирээд зохиох юм уу, яах юм мэдэхгүй. Уг нь бол бид нар чинь өөрсдөө гоё баяруудтай шүү дээ. Цагаан сар, наадам, Чингис хааны бахархлын өдөр, Улс тунхагласны баяр. Эдгээрийг утга учиртай, бүтээлч болгоод тэмдэглэж болно шүү дээ. Өөрсдөө соёлын дархлаатай байх ёстой.
Ярилцлага бэлтгэсэн: Б.Уранзаяа

