Хуурамч мэдээллийн 30–40 хувь нь эрүүл мэндийн сэдэвтэй байдаг
Add Your Heading Text HereЦахим орчинд хуурамч мэдээлэл хормын дотор тархдаг болсон энэ үед үнэнийг ялгаж, нягталж таних нь хэн бүхний үүрэг болоод байна. Энэ сэдвийн хүрээнд Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй, баримт шалгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц байгууллага болох Баримт шалгах төвийн баримт шалгагч Ц.Энх-Өрнөхтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд хуурамч мэдээллийн агуулга улс төр, эдийн засаг, эрүүл мэнд зэрэг сэдвийн аль руу нь илүү давамгай болж байна вэ?
-Нэгдүгээрт, хуурамч мэдээллийн дийлэнх хувийг эрүүл мэндийн сэдэвтэй мэдээ эзэлдэг. Манай төвийн судалгаагаар нийт хуурамч мэдээллийн 30–40 хувь нь эрүүл мэндийн сэдэвтэй байдаг. Үүний дотор гадаад, дотоодын хуурамч эм, бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл зонхилдог. Ийм төрлийн мэдээлэл ихэвчлэн тухайн эм, бүтээгдэхүүний шошгон дээр “АНУ-ын Хүнс, Эмийн алба (FDA)” эсвэл “ДЭМБ-аас баталгаажсан” гэх мэтээр бичиж, хэрэглэгчдийн итгэлийг олж авахыг зорьдог. Мөн “Сонгино тавьж ханиадыг эмчилнэ”, “Хавдрыг нэг л эмээр эмчилнэ” гэх мэт бодит нотолгоогүй мэдээллүүд ч түгээмэл байдаг. Ийнхүү ташаа мэдээлэлд итгэснээр хүмүүс эмнэлэгт хандахгүй, өөрийгөө гэрийн нөхцөлд буруу аргаар эмчлэх тохиолдол нэмэгдэж, өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй. Хоёрдугаарт, цахим залилангийн асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байна. Энэ чиглэлд манай байгууллага Цагдаагийн Ерөнхий Газар болон Монголын Банкны Холбоотой хамтран цахим залилангийн эсрэг аян өрнүүлж, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Хиймэл оюун ухааны хөгжил баримт шалгах ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Өнөө үед хиймэл оюун ухаан мэдээллийн орчинд хоёр талд тоглодог болсон. Өнгөрсөн долдугаар сард Бразилд болсон Олон улсын баримт шалгагчдын форумд оролцох үеэр хэлэлцсэн сэдвийн 70-80 хувь нь хиймэл оюунтай холбоотой байсан. Нэг талаас, хиймэл оюун ухаан нь баримт шалгах салбарт шинэлэг, дэвшилтэт хэрэгсэл болон ашиглагдаж байгаа. Жишээлбэл, 70 гаруй орны хэл, мэдээллийг агуулсан чатбот систем боловсруулж, баримт шалгагч нар хуурамч мэдээллийг илрүүлэх, эх сурвалжийг нягтлах үйл явцдаа хиймэл оюун ухааныг амжилттай ашиглаж байна. Гэхдээ нөгөө талаас, хиймэл оюун нь хуурамч мэдээлэл түгээгчдийн хамгийн хүчтэй зэвсэг болж байгаа нь бодит аюул юм.
-Өнөө үед цахим орчинд хэн ч мэдээлэл түгээж чаддаг болсон. Энэ мэдээлэл хүлээн авах, түгээх эрх чөлөө юу? Мэдээллийн хяналтгүй байдлын шинж үү?
-Миний хувьд эрх чөлөө гэж үздэг. Хүн бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үнэн худлын аль нэг талд хэт автахгүйгээр мэдээлэл түгээх эрхтэй. Гэсэн хэдий ч хэрэв хэн нэгэн санаатайгаар хуурамч мэдээлэл тараасан тохиолдолд түүнд хариуцлага тооцох, зохих хяналтын систем зайлшгүй шаардлагатай.
-Иргэдийн мэдээлэл хүлээн авах хандлага, шүүлтүүр сүүлийн жилүүдэд хэр өөрчлөгдсөн бэ?
-Сүүлийн тав, арван жилийн хугацаанд хүмүүсийн мэдээллийн хандлага тодорхой хэмжээнд илүү боловсронгуй, шүүлтүүртэй болж өөрчлөгдсөн. Цахим орчин анх бий болж байх үед хүмүүс аливаа мэдээллийг шалгалгүйгээр шууд итгэх хандлагатай байсан бол одоо үед мэдээлэлд хэрсүү, шүүмжлэлтэй хандах нь нэмэгдсэн. Манай төвийн ажлын зорилтот бүлэг нь голчлон дөчөөс дээш насны хүмүүс байдаг. Энэ насны хүмүүс заримдаа мэдээлэлд амархан автаж, үнэн бодит байдлыг нь нягтлахгүйгээр итгэх хандлагатай. Мөн хотын захын дүүргүүд болон хөдөө орон нутгийн иргэдийн хувьд мэдээлэлтэй харьцах мэдлэг, боловсрол дутмаг байх тохиолдол түгээмэл.
-Иргэд мэдээлэл түгээхдээ ямар хариуцлага хүлээх ёстой гэж та боддог вэ?
-Миний хувьд эрүүгийн хуулийн хариуцлага оногдуулахыг дэмждэггүй. Бидний ашиглаж буй цахим хэрэглүүр бүр өөрийн гэсэн стандарт, дэг журамтай. Хэрэв хэрэглэгч эдгээр дүрэм, журам, бодлогыг зөрчвөл тухайн хэрэглүүрээс түр эсвэл удаан хугацаагаар ашиглах эрхийг хязгаарладаг нь хамгийн зөв, үр дүнтэй арга гэж боддог.
-Иргэд мэдээлэл түгээхээсээ өмнө юуг шалгаж, анхаарах ёстой вэ?
-Эх сурвалжийг нь сайтар нягталж аливаа гуравдагч этгээдээс бус, албан ёсоор мэдээлэл түгээх эрхтэй байгууллагаас авах нь зүйтэй. Жишээлбэл, эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл авах шаардлагатай бол заавал Эрүүл мэндийн яам, эсвэл түүний албан ёсны эмнэлзүйн сувгуудаас мэдээлэл авах хэрэгтэй. Ингэснээр мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг баталгаажуулж чадна.
-Сэтгүүлч, нийтлэгчдийн ялгаа бүдгэрч байна. Энэ нь үнэн зөв мэдээлэлд итгэх итгэлд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Санал нэг байна. Өнөө үед үнэхээр мэргэжлийн сэтгүүлч болон сайн дурын нийтлэгч хоёрын ялгаа улам бүдгэрч байна. Үүний улмаас олон нийтэд хүрч буй мэдээллийн чанар, найдвартай байдалд тодорхой эрсдэл үүсэж байгаа юм. Зарим тохиолдолд сэтгүүлчид өөрсдөө ч алдаатай мэдээ бичиж, санамсаргүй байдлаар хуурамч мэдээлэл тараах явдал гардаг. Ийм хэдхэн сэтгүүлчдийн гаргасан алдаа нь нийт сэтгүүлчдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, олон нийтийн мэдээлэлд итгэх итгэл буурахад хүрч байгаа юм шиг санагддаг.
-Танай байгууллагын хамгийн их няцааж, шалгадаг хууурамч мэдээлэл ямар хэлбэртэй байдаг вэ?
-Ихэвчлэн хоёроос гурван догол мөр бүхий бичвэрийг зурагтай хамт нийтлэдэг. Гэвч эдгээр зураг нь тухайн мэдээг илэрхийлсэн үнэн бодит зураг биш, харин интернэтэд аль хэдийн байршуулсан холбогдолгүй зураг байдаг. Жишээлбэл, саяхан “Ураны уршгаар ийм хүүхэд төрлөө” гэсэн гарчигтай мэдээлэл цахим орчинд түгсэн. Гэвч уг мэдээлэлд ашигласан зураг нь урантай ямар ч холбоогүй, өөр төрлийн ургийн гажигтай хүүхдийн зураг байсан бөгөөд энэ нь олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлсөн нэг том жишээ юм.
-Баримт шалгах соёлыг олон нийтэд төлөвшүүлэх хамгийн үр дүнтэй арга юу вэ?
-Өмнөх туршлагаас харахад манай байгууллагын хэрэгжүүлсэн аянууд маш үр дүнтэй байсан. Жишээлбэл, өнгөрсөн жил манай байгууллага “Автобустай аян” хэмээх сонирхолтой арга хэмжээг зохион байгуулсан. Энэ хүрээнд Халдварт-Найрамдал чиглэлд нэг өдрийн турш автобус түрээслэн зорчигчдод худал мэдээллийн хор уршгийн талаар мэдлэг олгож, мэдээллийг илүү нягтлахыг уриалсан. Уг арга хэмжээг иргэд тун эерэгээр хүлээж авч байсан. Цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийн хандалт мэдэгдэхүйц өссөн. Мөн агуулгын хүрээнд “рийл бичлэг” буюу богино хэмжээний видео контент хийх нь хүний анхаарлын хурдан татаж, хандалт болон хүртээмжээ нэмэхэд маш үр дүнтэй байдаг нь ажиглагдсан.
-Мэдээлэл түгээх, хүлээн авах боловсролыг ерөнхий боловсролын сургуулийн түвшинд заах хэрэгтэй юу?
-Яг энэ асуудлаар бид өмнө нь хуралдаж, цаашдын чиглэлээ тодорхойлсон. Анх манай төвийн гол зорилтот бүлэг нь оюутан залуус байсан. Энэ хүрээнд их дээд сургуулиудын дэргэд “Баримт шалгагч оюутан клуб” байгуулж, өнөөг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашид Боловсрол, Шинжлэх Ухааны Яамтай хамтран ажиллаж, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт баримт шалгах, мэдээллийн боловсролыг тусгай бие даасан хичээл хэлбэрээр оруулах зорилготой байна.
-Баримт шалгах төвийн талаар товч мэдээлэл хүргэнэ үү.
-Монголын Баримт Шалгах Төвийг 2020 онд Сэтгүүл зүй, инновац, хөгжлийн Үүр NEST төвийн доор байгуулсан. NEST төв нь гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэх, бойжуулах чиглэлээр ажилладаг. Цахим орчинд түгэж буй мэдээллийн үнэн, худлыг ялгах, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой. 2022 онд Баримт шалгах төв Монгол Улсаас анх удаа Олон улсын баримт шалгагчдын сүлжээнд нэгдэж, META компанид бүртгүүлсэн. Энэ хүрээнд гишүүнчлэлээ жил бүр шинэчилсээр өнөөг хүрээд байна. Үүний давуу тал нь META компанийн Facebook, Instagram, Threads зэрэг гурван цахим платформын хүрээнд Монгол болон Казахстан улсыг хариуцсан хөндлөнгийн баримт шалгагч түншээр ажиллаж байна. Энэ нь META компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлдэг, тухайн оронд худал мэдээлэлтэй тэмцэх зорилготой хамтын ажиллагааны нэг хэсэг юм.
-Баримт шалгах үндэсний төвд өдөрт дунджаар хэдэн мэдээ шалгуулахаар ирдэг вэ?
-Одоогоор манай төв болон цахим хуудас маань олон нийтэд сайн танигдаагүй байгаа. Дунджаар өдөрт дөрвөөс таван мэдээлэл шалгуулах хүсэлт ирдэг ч эдгээрийг бүгдийг нь нийтэлдэггүй. Мэдээлэл бүрийг ёс зүйн код болон байгууллагын дотоод зарчимтай нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгасны дараа, зөвхөн шаардлага хангасан хэсгийг нь л албан ёсоор шалгаж, нийтэлдэг.
-Танай байгууллагын баримт шалгах шат дараалал, ажлын үйл явцыг товч танилцуулж өгнө үү.
-Манай байгууллага одоогоор албан ёсны дөрвөн баримт шалгагчтай. Иргэдээс ирсэн мэдээллийг цахим хуудсанд байрлах “Асуу” чатбот болон цахим шуудангаар хүлээн авч, шалгадаг. Гэхдээ ирсэн бүх мэдээллийг шалгадаггүй. Юуны түрүүнд тухайн мэдээллийн олон нийтэд түгсэн хэмжээ, хүнд хүрсэн байдал зэргийг ажигладаг. Учир нь хандалт багатай хуурамч мэдээллийг шалгаж нийтлэх нь өөрөө уг мэдээллийг дахин түгээж буйтай адил эрсдэлтэй. Мөн тодорхой мэдээллийг шалгуулахаар META компаниас ирүүлдэг. Баримт шалгагч нар мэдээллийг хүлээн авсны дараа хамгийн түрүүнд анхдагч эх сурвалжийг тодорхойлж, үнэн зөв эсэхийг нягтална. Үүний дараа эрхлэгч Э.Батцэцэг шалгасан мэдээллийг хянаж, ёс зүйн код болон байгууллагын зарчимд нийцэж байгаа эсэхийг нягталсны дараа нийтэлдэг.
-Хамгийн сүүлд нь танай байгууллагын зүгээс үнэн зөв мэдээлэлд итгэх талаар иргэдийг уриална уу?
-Манай байгууллагын зүгээс өмнө нь дэвшүүлсэн “Долоо нягталж, нэг хуваалц” болон “Түгээхээсээ өмнө бод” уриалгыг дахин сэргээн сануулж, худал мэдээллээс сэргийлэн нягталж байхыг уриалж байна.
Ярилцлага бэлтгэсэн М.Сүндэр
We use cookies to enhance your browsing experience, provide personalized content, and improve site performance. For the best experience, please keep your browser up to date — update for faster load.