Улирал солигдож буй энэ үед дархлаа дэмжих хоол хүнс болон өвчлөлүүдээс сэргийлэх арга замын талаар эрүүл ахуйн их эмч, Клиникийн профессор Эрүүл Мэндийн Яамны магадлан итгэмжлэлийн шинжээч Ч.Батнасантай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд монголчуудын хооллолтын хэв маягт ямар өөрчлөлт ажиглагдаж байгаа вэ?
-Монголчууд уламжлалт хооллох хэв маягаа нүүдэлчин ахуй, эрс тэс уур амьсгалын нөхцөлд тохируулан ирсэн онцлогтой. Уураг, өөх тос, илчлэг ихтэй хүнсийг түлхүү хэрэглэдэг нь хүйтэн уур амьсгалд бие махбодын дулааныг хадгалах, эрч хүчээ нөхөхөд чиглэдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил, хотжилт, суурин амьдралын хэв маяг нэмэгдсэнтэй холбоотойгоор монголчуудын хооллолтын бүтэц, хэв маягт мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа. Хүнсний үйлдвэрлэл хөгжихийн хэрээр хагас болон бүрэн боловсруулсан, түргэн бэлэн бүтээгдэхүүний хэрэглээ эрс өссөн. Энэ нь амьдралын хэмнэл түргэссэн, ажил, сургууль, амьдралын завгүй байдалтай шууд холбоотой гэж хардаг. Сүүлийн жилүүдэд шарсан тахиа, пицца, бургер, догбуги, кимчи зэрэг хоолыг монголчууд өргөн хэрэглэдэг болсон нь соёл, хоолны төрөлжилтөд эерэг талтай хэдий ч монгол хүний биеийн онцлог, цаг уурын нөхцөлд бүрэн нийцэхгүй байж болохыг анхаарах хэрэгтэй. Тиймээс хооллолтын шинэ хэв маягийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ уламжлалт хүнсний соёл, эрүүл хооллолтын зарчмыг хадгалах нь чухал.
-Өвлийн улиралд монголчууд ямар төрлийн хүнс түлхүү хэрэглэх нь дархлааг дэмжихэд хамгийн үр дүнтэй вэ?
-Өвлийн улиралд хүний биеийн дархлааг дэмжихэд тэнцвэртэй, шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэх нь хамгийн чухал. Монголчуудын уламжлалт хооллолт болох уураг, өөх тос, илчлэг өндөртэй хүнс нь хүйтэн улиралд биед дулаан өгч, дархлааг тогтвортой байлгадаг. Намрын улиралд бэлтгэсэн шинэ ургацын хүнсний ногоо, жимс, болон намрын махыг сайн хэрэглэх нь дархлааны системийг бэхжүүлэхэд тусладаг.
-Өвлийн улиралд хүүхдийн хооллолтын тэнцвэр яагаад амархан алдагддаг вэ?
-Энэ улиралд амттан, бэлэн хүнсний хэрэглээ өндөр байдаг тул хүүхдүүдэд “амархан, амттай” сонголтууд давамгайлдаг. Эцэг эхийн цаг зав багасах үед богино хугацаанд бэлтгэснэ хүнс давамгайлж, шим тэжээл багасах эрсдэлтэй. Жимс, хүнсний ногооны хэрэглээний давтамж буурах нь биеийн жин хурдан нэмэгдэх суурь нөхцөл болдог.
-Сүүлийн үед иргэдийн дунд илүүдэл жин болон хооллолттой холбоотой өвчлөл хэр нэмэгдэж байна вэ?
-Сүүлийн үед хэт ихээр хэрэглэх болсон бэлэн бүтээгдэхүүн, түргэн хоол нь дархлаанд сөргөөр нөлөөлж байна. Ийм төрлийн хүнс нь илүүдэл илчлэгтэй, шим тэжээл багатай тул жин нэмэгдэх, стресс ихсэх, дархлаа сулрах зэрэг асуудал үүсгэдэг. Ингээд дархлаа суларсан тохиолдолд өвчлөл үүсдэг. Тийм учир улирал солигдох энэ үед нэн ялангуяа уураг, илчлэг сайтай мах ногоо, жимсийг боломжийнхоо хэрээр маш сайн хэрэглэх хэрэгтэй.
-“Хурдан хооллох”, “хоолны цаг алгасах” хэв маяг бие махбодод хэр хортой вэ?
-Хоолны цаг алгасах нь цусан дахь сахарын хэлбэлзлийг огцом болгож, нойр булчирхайн ачааллыг нэмэгддэг. Энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл инсулиныг нэмэгдүүлнэ. Өдөр тутмын замбараагүй идэлт нь дархлаа уналт явагддаг нууц шалтгаануудын нэг.
-Махны сонголтын онцлог дээрх тань байр суурь?
-Монгол уламжлалд намрын мах шимийн хувьд хамгийн сайн гэж үздэг. Намрын хонь, ямааны махны уураг амин хүчлийн тэнцвэр сайтай байдаг. Өвөл хонины мах дулаан өгч бодисын солилцоог тогтвортой байлгахад тустай бол үхрийн мах намар хамгийн зөөлөн, витаминлаг байдаг. Ямааны мах хаврын улирал илүү тохирдог гэж үздэг.
–Өвлийн улиралд хүмүүсийн дархлаа сулрах ямар гол шалтгаанууд байдаг вэ?
-Хүний дархлааны тогтолцоо улирал бүрд байгаль орчны нөхцөл, агаарын чанар, хооллолт, амьдралын хэв маягаас хамааран өөрчлөгддөг. Монгол орны хувьд эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улиралтай учир ялангуяа өвөл, хаврын улиралд дархлаа сулрах эрсдэл өндөр. Өвлийн улиралд дархлаа сулрах гол шалтгаануудын нэг нь хүйтэн уур амьсгал болон агаарын чанар муудах явдал байдаг. Үүн дээр нэмэгдээд агаарын бохирдол, утаа, угаарын хий нь амьсгалын замыг цочроож, амьсгалын замын халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Мөн өвлийн улиралд агааржуулалт хангалтгүй орчинд олон хүн цуглардаг байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, оффисын дотор агаар сэлгэлт муу байдаг нь нян, вирус хуримтлагдахад хүргэдэг. Энэ нь халдварын тархалтыг нэмэгдүүлж, дархлааг сулруулах нэг хүчин зүйл болдог. Дархлаа сулрах өөр нэг шалтгаан нь хоол тэжээлийн дутагдал болон гар утасны хэт их хэрэглээ. Хүйтний улиралд шинэ ногоо, жимс жимсгэнэ ховорддог тул витамин, эрдэс бодисын хэрэглээ багасдаг. Үүнээс шалтгаалан биеийн эсэргүүцэл буурч, халдвар авах эрсдэл нэмэгддэг.
-Өдрийн цагийн хуваарилалт, стрессийн менежмент дархлаанд ямар түвшинд нөлөөлдөг үү?
-Дотоод цагийн хэмнэл алдагдвал дааврын тэнцвэрт байдалд нөлөөлж дархлааны тогтолцоо унадаг. Стресс удаан үргэлжилбэл кортизол өндөр түвшинд хадгалагдаж, бодисын солилцоог алдагдуулан биеийн эсэргүүцлийг доройтуулдаг. Тиймээс өдөр тутмын тайван хэмнэл, амралт, стрессийн менежмент нь дархлааны үндсэн хамгаалалтын нэг хэсэг гэж үзэх нь зөв.
-Дархлааг дэмжихэд тогтмол хөдөлгөөн хийхийн ач холбогдол юу вэ?
-Тогтмол хөдөлгөөн хийх нь цусны эргэлтийг идэвхжүүлж, хүчилтөрөгч ба шим тэжээлийн хүрэлтийг сайжруулдаг тул дархлааны эсүүд биеийн бүх хэсгээр жигд, хурдтай тархах орчинг бүрдүүлдэг. Хөдөлгөөн нь мөн стресс бууруулах, нойр сайжруулах, биеийн жинг тогтворжуулах замаар дааврын тогтвортой байдлыг хадгалдаг. Эдгээр нь нийлээд дархлааны хамгийн суурь хамгаалалтыг бүрдүүлдэг хүчин зүйлс юм.
-Ус бага уух нь дархлаанд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?
-Ус дутагдсанаар биеийн эд эсийн бодисын солилцоо удааширч, биеэс ялгарах хорт бодисын гадагшлалт саатдаг тул дархлааны идэвх буурдаг. Шингэн дутагдсан үед салст бүрхэвч хуурайшиж, амьсгалын замын хамгаалах давхарга нимгэрдэг тул вирус, нян наалдах магадлал нэмэгддэг. Энэ нь өвлийн улиралд бага ус уух зуршилтай хүмүүст томуу хүрэх эрсдэл илүү өндөр байдаг шалтгаануудын нэг.
-Агаарын бохирдол, ундны усны чанар, орчны бохирдол зэрэг нь хүнсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Агаарын бохирдол, ундны усны чанар, орчны бохирдол зэрэг нь хүнсний аюулгүй байдалд шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Эдгээр бохирдлууд нь зөвхөн хүнсний чанарыг бус, эрүүл мэндийг ч доройтуулах эрсдэлтэй. Өвлийн улиралд агаарын бохирдол хамгийн өндөр түвшинд хүрдэг. Яндангийн, автомашины утаа, угаарын хийн нөлөөгөөр агаарын чанар муудаж, хүний амьсгалын замыг цочроон, дархлааг сулруулдаг. Үүнээс шалтгаалан томуу, амьсгалын замын халдвар, угаарын хордлого зэрэг өвчлөл ихэсдэг. Мөн энэ улиралд орчны бохирдол нэмэгдэх нь түгээмэл. Үнс, угаадас, ахуйн хог хаягдлыг зөв зохистой ангилан, цаг тухайд нь зайлуулдаггүйгээс хөрс, ус бохирдож, улмаар хүнсний түүхий эдэд нөлөөлөх аюултай байдаг.
-Гэрийн нөхцөлд хүнсний түүхий эдийн ариун цэврийг хангахад ямар гол алдаанууд гардаг вэ?
-Гэр ахуйн түвшинд түгээмэл гардаг алдаа нь мах, ногоог холих, зориулалтын хутга сав багсаа ялгалгүй хэрэглэх, хөргөгчний температурын горимыг баримтлахгүй байх явдал. Ийм жижиг санамсаргүй байдал нь хоол боловсруулах замын халдвар үүсгэгч нян дамжих үндсэн нөхцөл болдог.
-Нойр дутуу байдал дархлаанд яг ямар механизмээр нөлөөлдөг вэ?
-Нойр хангалтгүй үед биеийн нөхөн сэргэлт удааширч, дархлааны хамгаалагч эсийн идэвх буурдаг. Үүнтэй зэрэгцэн стрессийн даавар өндөрсөж, биед халдварт өртөмтгий байдал нэмэгддэг тул нойр бол дархлааг дэмжих үнэ төлбөргүй эх үүсвэр юм гэж ойлгож болно.
-Суугаа ажилтай хүмүүс юунд илүү анхаарах ёстой вэ?
-Суугаа ажилтай хүмүүсийн анхаарах зүйл нь өдрийн хоолыг алгасахгүй байх, шингэн усны хэрэглээг нэмэх, өдөрт дор хаяж нэг удаа ногоотой хоол идэх гэсэн гурван энгийн зарчим бөгөөд ийм жижиг өөрчлөлт богино хугацаанд хүртэл бие махбодыг мэдэгдэхүйц өөрчилдөг.
-Гараа угаах зуршил хүнсний аюулгүй байдалд хэр зэрэг нөлөөлдөг вэ?
-Гараа угаах нь хоол хүнсний аюулгүй байдалд хамгийн энгийн боловч хамгийн өндөр үр дүнтэй хамгаалалт. Учир нь бактер, вирусын ихэнх нь хүнээс хүн рүү шууд биш харин гарын бохирдлоор дамжин ордог. Хоол хийхийн өмнө, түүхий мах барьсны дараа гараа зөв аргаар угаах нь хоол боловсруулах замын халдварын тархалтыг 30-40 хувь бууруулдаг нь судалгаагаар нотлогдсон.
-Таны олон жилийн туршлагаас харахад, эрүүл мэндээ хамгаалах тухай хамгийн энгийн боловч хүн бүр тогтмол баримтлах ёстой ганц зарчим гэж хэлбэл юу байх вэ?
-Би хувьдаа хамгийн энгийн атлаа хамгийн олон хүн үл хайхардаг нэг л зарчмыг үргэлж онцолдог. Тэр нь “эрүүл мэнд бол хувь хүний өдөр тутмын сонголтоос эхэлдэг” гэсэн үг. Эрүүл мэндийн асуудал хамгийн түрүүнд хувь хүнээс шалтгаалдаг гэдгийг ойлгох нь чухал. Бид өвдөх үед эм ууж эмнэлэгт ханддаг боловч үнэн хэрэгтээ өвчнөөс хамгаалах хамгийн бодит арга бол урьдчилан сэргийлэлт. Зөв хооллох, идэвхтэй хөдөлгөөн, тайван нойр, ариун цэврээ сахих, стрессээ удирдах зэрэг энгийн дадлуудыг тогтвортой хэвшүүлсэн хүнд өвчин халдварын эрсдэл бага байдаг. Энэ бол нэг удаагийн том шийдвэр биш, өдөр бүрийн жижиг зөв сонголтын нийлбэр юм. Хүн эрүүл байх үедээ л өөрөө өөрийгөө хорлох алхмуудыг хийдэг. Тэгэхээр эрүүл байх үгүй нь таны сонголт.
Мөн ажлын орчны эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах эрүүл ажлын байр гэдэг нь зөвхөн цэвэр орчин биш, харин агаарын чанар, гэрэлтүүлэг, сэтгэлзүйн уур амьсгал зэрэг олон хүчин зүйлийг хамардаг. Хүн бүр өөрийн ажлын байрны нөхцөлд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хүчин зүйлсийг тодорхойлон, тэдгээрийг бууруулах арга хэмжээг хамт олноороо төлөвлөж хэрэгжүүлэх нь хамтын эрүүл мэндийг хамгаалах чухал юм.
Ярилцлага бэлтгэсэн: А.Эрхэмбилэг

