“Хүмүүн олон улсын дунд сургууль”-ийн хүүхдийн сэтгэл зүйч Ө.Цэнгэлжаргалтай багш нарын ажил хаялтын үед хүүхдийн сэтгэл зүйд гарах өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Хичээл эхлээд удаагүй байгаа энэ цаг үед багш нар ажил хаялаа. Хүүхдийн сэтгэл зүйд ямар нэг сөрөл нөлөө бий юу?
Урт хугацааны амралтын дараа хичээлдээ орж ирж буй багш, сурагчдын хувьд шинэ орчин, шинэ зорилготой байдаг тул сэтгэл зүйн хувьд ихэвчлэн эерэг, хөөрсөн байдаг. Энэ үед стрессийг даван туулах чадвар харьцангуй өндөр, идэвх санаачилга нэмэгдсэн байдал ажиглагддаг. Учир нь шинээр ажлын байранд орж буй багш нар, шинэ сургуульд элсэн орсон хүүхдүүд болон анги дэвшин орж буй сурагчдад бүх зүйл шинэ, сонирхолтой, танин мэдэхүйг өдөөдөг.
-Багш нар ажил хаясан нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байна вэ?
Багш нар ажил хаясан нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогоос шалтгаалан өөр өөрөөр нөлөөлдөг. Ялангуяа нэгдүгээр анги болон төгсөх ангийн сурагчдад энэ нөлөө илүү хүчтэй, шууд илэрдэг.
Арван хоёрдугаар ангийн сурагчид элсэлтийн шалгалтад бэлдэж буй энэ үед хичээл, сургалтын үйл ажиллагаа зогсох нь түгшүүр, айдас, дарамт нэмэх хандлагатай. Ингэснээр нойргүйдэх, анхаарал төвлөрөл сулрах, ходоод гэдэс хямрах зэрэг стрессийн шинж тэмдгүүд ажиглагдаж болно.
Есдүгээр ангийн сурагчдын хувьд мөн улсын шалгалт дөхсөн энэ үед огцом уурлах, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар сулрах нь түгээмэл. Шилжилтийн нас учраас гэр бүлийнхэнтэйгээ маргалдах, гадаад төрхөндөө хэт эмзэглэх, батга сэдрэх зэрэг сэтгэлзүйн дарамтын илрэл нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Үүнтэй зэрэгцэн ковидын үед тулгарч байсан сэтгэлзүйн сорилтууд шиг байдал давтагдах эрсдэл бий.
-Тэгвэл энэ жил нэгдүгээр ангид орсон шинэхэн сурагч нарт хэрхэн нөлөөлж байгаа вэ?
Харин нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хувьд хичээлийн тасалдсанаар гүн сэтгэлзүйн дарамт үүсгэхгүй ч танин мэдэхүйн хөгжил, унших бичих ур чадварын суурь тогтоход саад учруулдаг. Гэвч бага ангийн хүүхдүүдийн хувьд өдрийн хоолоо идэхийн тулд хичээлдээ ирдэг сурагчид байдаг. Өөрөөр хэлбэл нэн ядуу өрх. Тухайн айлуудын хувьд маш хүнд тусна. Бага ангийн хүүхдүүдийн хувьд сэтгэл зүйн гэхээс илүү мэдлэг, ур чадварын хувьд хохиролтой. Сэтгэл зүйгээс гадна хоол тэжээлийн хохирол дагалдах эрсдэлтэй.
Эцэг эхийн хувьд хүүхдээ харах хүнгүйгээс шалтгаалан ажлаасаа чөлөө авах, эсвэл хүүхдээ гэртээ харах шаардлага үүсч санхүү, сэтгэлзүйн дарамт нэмэгддэг. Энэ стресс нь улмаар хүүхдэд дам нөлөө үзүүлэх боломжтой. Тухайлбал, ковидын үе болон хичээл сургуулийн үйл ажиллагаа зогссон хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэгээс хоёр дахин өссөн нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Иймд ажил хаялт нь зөвхөн хүүхдийн сэтгэл зүйд бус эцэг эх, гэр бүл, цаашлаад сургуулийн орчин бүхэлдээ дарамтад орох шалтгаан болдог. Эцэстээ энэ нөлөөллийн хамгийн том хохирогч нь хүүхэд гэдгийг анхаарах шаардлагатай юм.
-Хүүхдүүд эцэг эхээсээ багш нарынхаа ажил хаялтын талаар олон асуулт тавьж байгаа шалтгаан юу вэ?
Хүүхдүүд эцэг эхийнхээ хайр халамжинд байдаг тул аливаа асуудлыг бүрэн ойлгож хүлээн авах чадвар дутмаг байдаг. Тиймээс “яагаад” гэсэн асуултынхаа хариуг эцэг эхээсээ авахыг эрмэлздэг. Хүн бүр нас, сэтгэхүйн хөгжлөөсөө шалтгаалан аливаа асуудлыг ялгаатай байдлаар хүлээн авдагтай адил хүүхдийн ойлголт, хандлага ч насанд хүрэгчдээс огт өөр байдаг.
-Хүүхдүүд нийгэмд болж буй асуудлуудыг хэрхэн хүлээж авдаг вэ?
Хүүхдүүд нийгэмд болж буй үйл явдлыг шууд хүлээж авдаггүй. Хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжил болон туршлагаас хамааран аливаа мэдээллийг шууд боловсруулах чадвар дутмаг байдаг. Ихэнх тохиолдолд хүүхэд эхлээд эцэг эх, ойр дотнын хүмүүсийн хандлага, сэтгэл хөдлөлийг ажиглаж өөрөөр хэлбэл, хүүхэд эцэг эхээрээ дамжуулан нийгэмд болж буй асуудлыг хүлээж авдаг.
-Ажил хаялт зарласан энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл зүйд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?
Хүүхдийн наснаас шалтгаалан эцэг эхчүүд анхаарах зүйл өөр өөр байдаг. Бага насны хүүхдүүдэд хамгийн чухал зүйл нь аюулгүй орчин юм. Эцэг эх нь тайван, халамжтай орчин бүрдүүлж байж хүүхэд өөрийгөө хамгаалагдсан гэж мэдэрнэ.
Дунд ангийн хүүхдүүд сурах тал дээр илүү мэдрэмтгий байдаг тул хичээлийн хөтөлбөрөөсөө хоцрох эрсдэлтэй. Энэ үед эцэг эх нь давталга, нэмэлт сургалтад явуулж, сурах үйл явцыг дэмжвэл хүүхдийн мэдлэг тогтдог.
Ахлах ангийнхан бие даах хандлагатай, өөрийн сонирхол, ур чадвараа хөгжүүлэхэд илүү идэвхтэй байдаг. Тэднийг мэргэжилтэй холбоотой сайн дурын ажил, төсөл, ур чадвар хөгжүүлэх сургалтад оролцуулах хэрэгтэй. Онцгойлон нэгдүгээр, есдүгээр, арван хоёрдугаар ангийн хүүхдүүдэд ур чадварт суурилсан үйл ажиллагаанд хамруулах нь хамгийн үр дүнтэй. Ингэснээр энэ цаг үеийг хоцрогдлоо нөхөх, шинэ зүйл сурах, цагийг үр бүтээлэхэд зориулахад ашиглах боломжтой.
-Эцэг эхчүүдэд өгөх хамгийн чухал зөвлөгөө юу вэ?
Хүүхдэд итгэл төрүүл. “Энэ байдал түр зуурынх, хичээл удахгүй үргэлжилнэ” гэж ойлгуулах хэрэгтэй. Мөн эцэг эх өөрсдөө мэдээллийн эх сурвалжаа зөв сонгох хэрэгтэй. Хүүхдийн дэргэд бухимдсан, сөрөг үг ярих нь сөрөг хандлагыг улам гүнзгийрүүлдэг. Харин хамтдаа цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, гэр бүлийн дотно уур амьсгалыг хадгалах нь хамгийн үр дүнтэй сэтгэл зүйн дэмжлэг юм.
Ярилцлага бэлтгэсэн: Ө.Амгаланзаяа

