
Бид гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар сурвалжиллаа. Гал сөнөөгч хүн хэдий олон жил ажилласан ч өөрийн чадвартаа эрдэж бардалгүйгээр, даруу төлөв байх ёстой гэдгийг дэд ахлагч Э.Энхмөнхийн хариултаас ажиглаж болохуйц. Түүнээс ажил мэргэжлийн тань хамгийн эрсдэлтэй тал нь юу вэ? гэж асуухад “Эрсдэл гэхээс илүү гал сөнөөгчдөд гал бүр анхных. Энэ бага гал байна, энэ том гал байна, энэ ассан байна, асаагүй байна, энэ эрсдэлтэй, эрсдэлгүй гэж бодож болохгүй. Ямар ч гал эрсдэлтэй тэнд юу ч болж болно. Алдаа гаргахгүйн тулд гал сөнөөгч бүр бэлтгэлтэй байх хэрэгтэй.” гэлээ.
Өглөөний 08:30 минут. Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги. Үүдээр яваад ороход ангийн жижүүр угтан авч амрыг эрэн мэндчилэв. Төд удалгүй ангийн эхний хонх дуугарч, үүрэг гүйцэтгэх албан хаагчид хувийн бэлтгэл, бэлэн байдлаа ханган аврах ангийн арын талбайд жагсахаар түргэвчилнэ. “Салаа зэрэгц, номхон, зэрэгц дунд. (хөл тавин алхах чимээ…) Эрхэм дэд хурандаад, нэг хоёрдугаар салаа ээлж халалцахад бэлэн, салааны захирагч ахлах дэслэгч Билгүүн” Гал сөнөөгчдийн өдөр ийнхүү эхлэх бөгөөд ангийн захирагч үүрэг тавина. Үүний дараагаар өдөр тутмын дасгал сургуулилтдаа гарч албан хаагчид 20 гаруй минут гүйдэг. Гүйлтийн дараачаар тэд гар дээр суниаж, гал унтраах шланк, хоолойнуудаа холбон яг л бодит дуудлага дээр очсон мэт тархан, гал унтраахаар зэхнэ. Тэднийг салааны захирагч С.Билгүүн хариуцан командлах ба тэр бээр хэлэхдээ “Дасгал сургуулилтын зорилго нь гал дээр очоод алдаа гаргахгүй, шинээр ажилд орсон ажилчдаа дадлагажуулах, өөрийн бэлэн байдал амь насаа хамгаалахын тулд шүү дээ” гэж хариулсан юм. Гал сөнөөгчид тухайн гал дээр очоод ямар ч схемээр тархаж болдог. Энгийн ойлгомжтой үгээр тайлбарлавал шланкаа холбоод хэдэн метрт, яаж тарж ажиллах талаар бэлддэг гэсэн үг. Дан ганц шаланк барин тарж гүйхгүйгээр, гурван давхар дасгал сургуулилтад зориулан барьсан модон байшин руу шатаар авирдаг. Аврагчдад гурван төрлийн шат байх ба хамгийн хүнд нь гурван давхар барилга хүртэл сунадаг 45 кг жинтэй. Шинэхэн гал сөнөөгчид уг шатыг буруу зөөх, сунгах, бүр буруу баривал шийтгэл болгон үүрдэг. Өвлийн хүйтэнд ч ажрахгүй шатаа өргөх дэд ахлагчийн царайнаас олон олон гал сөнөөгчдийн тэсвэр хатуужил ажиглагдана. Аврагчид нь галын голомт дээр ажиллахдаа хүн нэг бүрийн тусгай зориулалтын хувцас, амьсгалын бие даасан төхөөрөмж хэрэглэдэг. Хувцас нь дөрвөн кг жинтэй, гал усанд тэсвэртэй бол амьсгалын төхөөрөмж нь зургаан кг. Өөр дээрээ 10 кг ачаа нэмж үүрэн хөдлөхөд төвөгтэй ч тэд энэ хувцсандаа түүртэлгүй сурамгай гэгч нь ажилладаг. Гал сөнөөгчдийн нэг өдөр 2022 онд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тогтоосон ангийн цагийн хуваарийн дагуу өрнөдөг. Гэвч галын дуудлага ирсэн даруйд тэд хийж байсан бүх зүйлээ орхиж, нэг минутын дотор бүрэн хувцаслан, машиндаа суугаад, ангийн байрлалаас гарсан байх ёстой. Бид ярилцаж суух зуур ч дуудлага гарвал яг ижил зарчим мөрдөгдөнө. Яагаад гэвэл тэнд хүний амь нас, эд хөрөнгө яригдаж буй. Галын дуудлага гарахад ангиас хоёр машин гарч явдаг. Нэгдүгээр тэрэг нь дөрвөн тонн устай, дөрвөн төрлийн хөөстэй. Араас нь туслах ус зөөвөрлөх найман тонн устай машин гарна. Үүнээс гадна шатны автомашин буюу стандарт барилгын долоон давхарт хүрч ажиллах чадамжтай машин бий. Хэрвээ тухайн гал нь том хэмжээнийх бол ангийн байрлалаас нэмэлтээр ус зөөвөрлөх 10 тонн устай машин ирнэ. Өмнө дурдсан дөрвөн төрлийн хөөсийг усанд унтардаггүй бензин, тос, буцаж сэргээх шаардлагатай түүхийн үнэт олдвор, музей, хэмхлэхгүйгээр унтраах зорилготой бүсэд галыг агааргүй болгож унтраахад ашигладаг. Нэг тасагт таван гал сөнөөгч бий. Нэгдүгээр тасаг нь хоёр машинтай гарах бөгөөд тэд нь эхэнд дурдсан хоёр машин. Дуудлага руу явах зуур салааны захирагч тухайн галд үнэлгээ өгч, хэрхэн тарж ажиллахыг зааварчилдаг. Тэдэнд хором, минут, секунд бүр үнэ цэнтэй. Гэлээ ч дуудлагад яарч буй аврагчдад бэрхшээл мунддагүй. Иргэдийн зүгээс гал сөнөөгчдийг ойлгодоггүй зан авир бий юу? хэмээн тус ангид өдгөө тав дахь жилдээ ажиллаж буй дэд ахлагч Э.Энхмөнхөөс асуухад “Галд эд хогшил, орон гэрээ алдсан хүмүүсийн сэтгэл санаа ямар л олиг байх вэ дээ” гэж санаашраад “Гэхдээ хүмүүс гал командын машинд зам тавьж өгдөггүй. Өнөөдөр Улаанбаатар хотод түгжрэл ямар байгаа билээ? Цаг минуттай уралдан барин дуудлага дээрээ очиход өөдөөс та нар удаж ирлээ, та нараас болж манай гэр шатлаа гэх мэтээр гомдолдог. Энэ өнцгөөс харахад ард иргэд маань биднийг ямар саад бэрхшээл туулаад ирж буйг төдийлөн ойлгодоггүй.” гэж хариулав.
Буцалтгүй нэрвэгдэгч
Дээр дурдсанчлан алба хаагчидын нэг өдөр дасгал сургуулилтаас гадна маш олон хуваарьт ажлын дагуу явагддаг. Үүний нэг нь сэтгэл зүйн сургалт. Тус цагаар юу хийдэг талаар дэд ахлагч Э.Энхмөнхөөс үргэлжлүүлэн тодрууллаа.
Бид өдөр тутамдаа нэг гэр бүл шиг л ярилцдаг. Нэг баг хамт олон хоорондоо ярилцаж байж л галыг амжилттай унтрааж, алдаа дутагдалгүй ажиллаж, нэгнээ ойлгоно. Өнөөдөр албан хаагчид ямар ч асуудалтай ажил дээрээ ирсэн байж болно. Ар гэрийн асуудал аль эсвэл сэтгэл зүй нь тавгүй байх жишээний. Тэр тал дээр ойлголцохын тулд бид нэгнээ сонсож хамтарч ажилладаг. Сэтгэл зүй тогтворгүй бол гал унтраах боломжгүй өөрийн аюулгүй байдлаа ч хангаж чадахгүй хүн гал дээр ажиллана гэдэг хэцүү. Мөн дээрээс нь ах нар маань гал дээр очоод ийм ийм зүйлтэй таардаг шүү, энэ дээр ингэж өөрийгөө хамгаалдаг шүү гэж зөвлөдөг. Сэтгэл зүй гэхээр хүн ямар ч байж болно, тэр бүрийд хувирч бэлддэг гэсэн үг.
Анх ажилдаа орсноос хойш огт санаанаас гардаггүй дуудлага байгаа юу? Байгаа бол энэ талаараа хуваалцаж болох уу?
Миний хувьд 2021 оноос одоог хүртэл ажиллаж байна. Энэ таван жилийн хугацаанд би хамгийн дээд талдаа нэг өдөрт тасралтгүй 13 дуудлагад очиж байсан. Бодлоос гардаггүй дуудлага гэвэл буцалтгүй нэрвэгдэгчтэй нэг гал.
Буцалтгүй нэрвэгдэгчтэй гал гэж юу вэ?
Тэр нь галд шатаж өөд болсон хүнтэй дуудлага гэсэн үг. Ийм дуудлага бол нүд хальтрам. Галд бие нь шатаад зөвхөн гэдэс нь л үлдсэн хүнийг харах мэдээж сайхан биш. Тухайн буцалтгүй нэрвэгдэгчтэй гал дээр би шөнийн 23 цагт очоод өглөөний зургаан цагт буцаж ангийн байрлалд ирж байсан юм. Өвлийн ид ес эхэлсэн үе л дээ, шөнөдөө -30 градус байсан байх. Хүйтэнд хөдлөх ч нөхцөл үгүй мод болтлоо хөлдөөд тэр гал дээр ажилссаны дараа өөрийгөө хэр их тэсвэр тэвчээртэй болсноо гайхаж байсан. Энэ бүх тэсвэр тэвчээрийг би өдөр тутмын дасгал сургуулилтын ач гавьяа л гэж боддог. Тус гал нь гурван буцалтгүй нэрвэгдэгчтэй гал байсан. Одоог хүртэл санаанаас гардаггүй их хүнд гал.
Иймэрхүү нөхцөл байдалыг хэрхэн даван туулдаг вэ?
“Тэгээд ч төрийнхөө алтан соёмбыг толгой дээрээ залсан хүн алзахгүй ээ”
Хүн л юм чинь айж санаа зовж, стресст автана л даа. Ерөнхийдөө ажлын хамт олонтойгоо ярилцаж л давдаг. Би таван жил ажиллаж байна гэхэд надаас олон жил ажилласан ах нар байгаа. Тэд маань ирээд “Өө ахын дүү зүгээр шүү дээ. Ийм юм байдаг юм. Энэ чиний л хийх ёстой ажил, үүнд чи сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой. Тэгээд ч төрийнхөө алтан соёмбыг толгой дээрээ залсан хүн алзахгүй ээ” гэж сэтгэл санаагаар дэмждэг. Хамт олон, ах дүү нар гэдэг чинь ер нь сайхан шүү дээ. Тэднийхээ харилцаа хандлага, алтан соёмбынхоо ачаар л асуудлыг давж, дараагийн дуудлагтаа бие, сэтгэл зүйгээ бэлддэг дээ.
Гал сөнөөгчид галын дуудлагаас эргэж ирээд автомашин, техник, багаж хэрэгслээ цэвэрлэж дараагийн дуудлагад ямар нэгэн саадгүй ажиллахаар бэлтгэнэ. Хувцас хэрэглэлээ ч мөн адил. Үүний баталгаа нь үргэлж галын дуудлагад явах атлаа ширхэг ч тоосгүй байх галын машин. Харин албан хаагчид машинаа хуруугаараа имэрч үзүүлээд хэр зэрэг бэлэн байдалтай ажилдаг гэдгээрээ сайрхах мэт. Аврагчдын 24 цагийн томилгоот үүрэг, үдшийн зугаалга, оройн тоо явуулснаар дуусгавар болно. Гал сөнөөгчдийн бэлтгэлийн ачаар эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, аврагдаж, түүхийн үнэт зүйлс өнө мөнхийн чанараа хадгалан үлддэг. Гал сөнөөгчид ч галд хянамгай хандаж, гал бүрийг анхых мэтээр үзнэ. Тэдэнд ингэж л сургасан байх. Ядаж л өнөө шөнө галын дуудлага гаралгүй их хот маань тайван хоноосой.
Сурвалжилга бэлтгэсэн: Т.Өнө-Эрдэнэ